АН-ын гишүүн Ц.Баатархүү, О.Чулуунбилэг, Н.Одонгуа нар цаг үеийн асуудлаар мэдээллээ.
Ц.Баатархүү “Монгол хүний амь нас, эрүүл мэнд, эрүүл, аюулгүй амьдрах орчин хамгийн чухал. Ямар нэгэн аваар ослын араас хэсэг шуугиад өнгөрөх биш хэрхэн дахин ийм алдаа гаргахгүй байх вэ. Монголын төр шат шатандаа хэрхэн хариуцлага тооцдог болох вэ. Нийслэл Улаанбаатар хотыг хэрхэн эрүүл, аюулгүй болгох ёстой талаар Ардчилсан нам зарчмын байр суурийг илэрхийлж байна.
Сүүлийн жилүүдэд нийслэл хот маань эрүүл, аюулгүй биш аюултай, хортой, эрсдэлтэй хот болоод байна. Өчигдрийн осол бол Улаанбаатар хотод бол буй маш олон алдаа завхралуудын мөсөн оргилын ердөө ил харагдаж буй хэсэг нь. НИТХ бол Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн онцгой комисст хяналт тавьдаг газар. Гэтэл өнөөдөр 45 төлөөлөгч Хотын даргын туслах болсон байна. Хотын даргад хяналт тавьж чадахаа больсон байна. Иймээс Монголд засаглалын хямрал үүссэн учраас, шат шатандаа хариуцлага тооцохоо больсон учраас аюул ослын эрсдлийн түвшин нэмэгдэж байгаад Ардчилсан нам санаа зовж байгаагаа удаа дараа илэрхийлж байна” гэлээ.
Эрүүл, аюулгүй хотын эксперт Н.Одонгоо “Дэлхий дээр байгаа 400 гаруй хот ДЭМБ-аас 30-аад жилийн өмнө концефцыг нь баталсан эрүүл аюулгүй хотын стандартын дагуу хөгжиж байна. Үүний хамгийн чухал нь хүний аюулгүй орчинд амьдрах асуудал. Хүн өөрөө цогцлоон бүтээх стандартыг барилга байгууламж барихаас эхлээд ногоон байгууламжийг бий болгох, зам тээврийн тооцоо судалгаанд үндэслэж гаргадаг. Тодорхой хугацаанд АН нийслэлийг удирдаж байхдаа хотын стандарт, индексийн дагуу үйл ажиллагааг төлөвлөж байсан. Гэтэл өнөөдөр алдагдаад байна.
Хамгийн тод жишээ бол хэрэглээний газын дэлбэрэлтийн үед шуурхай бэлэн байдал алдагдлаа.
Энэ нөхцөлд агаар орчны шинжилгээг яаралтай хийх хэрэгтэй. Иргэдийн хэвийн амьдралыг хангах, үйл ажиллагаа эрхэлж байгаа ойр орчмын бүсийг аюулгүй болгох шаардлагатай. Гэтэл өнөөдөр алийг нь ч төлөвлөж, тооцоолж хийхгүй байна. Эрүүл, аюулгүй хотын индексийн дагуу төлөвлөж, удирдаж, менежмент үйл ажиллагааг чиглүүлж чадахгүй байгаагийн илрэлийн хүний амиар мэдэж байна.
Агаарын чанарын индексийг авч үзвэл тэр хавьд хэмжилт хийдэг багаж байхгүй. Мэргэжлийн хувьд авч үзвэл тухайн дэлбэрэлт гарсан бүсэд аюултай байдалтай байгаа” гэв.