НАТО-д элсэх Шведийн хүсэлтийг Туркийн парламент хэлэлцэж, дэмжжээ. Турк улс Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг 20 сарын турш гацаасны эцэст ийнхүү шийдэлд хүрч байна. Үүнд Режеп Тайип Эрдоган гарын үсэг зурснаар баталгаажна.
Шведийн талаас гадаад хэргийн сайд нь талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ шийдвэрийг сайшааж буйгаа илэрхийлэв.
2022 оны хоёрдугаар сард Орос, Украины дайн эхэлсний дараахан Швед, Финланд улсууд тус цэргийн эвсэлд нэгдэх хүсэлт гаргаж байсан. Турк улсын зүгээс 2022 оны зургаадугаар сард Финландыг НАТО-д элсэхийг зөвшөөрөх шийдвэр гаргасан ч Швед улсын хүсэлтэд зөвшөөрөл өгөлгүй үлдээсэн юм. Туркийн улсын эрх баригчид Швед дэх курдүүдийг хэт туйлшрагчид, террористууд гэж үздэг бөгөөд аюулгүй байдлын үүднээс тэдний эсрэг арга хэмжээ авахыг Шведийн засгийн газраас шаарддаг. Швед улс дахь хэт туйлшрагчид нь Исламын шашны ариун судар болох Коран судрыг шатааж байсан удаатай. Энэ мэтийн хэт даврагчдын ёс бус үйлдэл газар авч байгаад Турк улс Шведийн хууль сахиулагчдыг буруутгаж, улмаар Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг гацаахад хүргээд байсан.
Хэдийгээр ийнхүү Турк улс НАТО дахь Шведийн гишүүнчлэлийг дэмжихээр болж байгаа ч энэ нь Швед улс НАТО-д элсэх нь баталгаатай болсон гэсэн үг биш юм. Учир нь НАТО-гийн гишүүн орнууд бүгд Шведийн хүсэлтийг дэмжих ёстой. Одоогоор Унгар улсын байр суурь тодорхойгүй хэвээр байна.