ОХУ-ын Санкт-Петербург хотын ойролцоох байгалийн хий хадгалах байгууламжид дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас их хэмжээний гал гарсан гэдгийг Оросын төрийн мэдлийн РИА Новости агентлаг мэдээлсэн юм. Энэ дэлбэрэлтээс болж хүний амь нас хохироогүй байна.
Галын шалтгаан ийн тодорхойгүй байгаа ч орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаар нисгэгчгүй онгоцууд тус бүс нутагт үзэгдсэн гэсэн юм. Зүүн Европын газар нутагт өрнөж буй дайнд талууд аль аль нь нисгэгчгүй онгоц буюу дрон хэрэглэж байгаа. Гэхдээ дроны аливаа халдлагад Украины тал мэдэгдэл хийдэггүй билээ.
Хоёр жилийн өмнө эхэлсэн дайны сүүлийн хэдэн сарын нөхцөл байдал талуудад аль алинд нь тааруу байна. Тодруулбал, Оросын тал тодорхой ахиц гаргаагүйг шинжээчид хэлж буй. Өнгөрсөн ням гарагт Украины зүүн хэсэгт орших Оросын хяналтад байдаг Донецкт болсон халдлагын улмаас 13 хүн амиа алдаж, 10 хүн шархадсан гэж тус хотын захирагч Алексей Кулемзин мэдэгдсэн. Украин мөн энэ халдлагын талаар тайлбар хийгээгүй байна.
Санкт-Петербург хотын ойролцоо болсон дэлбэрэлтийн талаар тус мужийн захирагч Александр Дрозденко "гадны нөлөөллөөс үүдэлтэй" гэж мэдэгдээд нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.