Сүүлийн өдрүүдэд криптовалют болон үнэт цаасны зах зээл сонирхогчдын дунд тун онцлууштай үйл явдалууд өрнөж байна. Биржээр арилжаалагддаг биткойны 9 сан арилжаа эхэлсэнээс хойших гурван өдрийн дотор 2 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, зах зээл шинжээчдийг гайхшруулаад байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын үнэт цаас, биржийн хорооноос SPOT-BITCOIN ETF буюу биржээр арилжаалагддаг биткойны сангийн үйл ажиллагааг албан ёсоор зөвшөөрсөн. Ингэхдээ эхний ээлжинд хүсэлт ирүүлээд буй Ark Investments, Fidelity, BlackRock зэрэг нийт 11 хөрөнгө оруулалтын компанид зөвшөөрөл олгосон юм. Зөвшөөрөл авсан хөрөнгө оруулалтын компаниудаас 9 нь хэдийн сангийнхаа үйл ажиллагааг эхлүүлээд зогсохгүй, ердөө гуравхан өдөр ийм их хэмжээний хөрөнгийг хөрөнгө оруулагчдаас босгож чадсан нь энэхүү шинэхэн санхүүгийн хэрэгсэл тун ирээдүйтэй байж болохыг харуулж байна. ETF-ыг энгийнээр тайлбарлавал энэ нь хувьцаа, бонд зэрэгтэй адил нэгэн төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Онцлог нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар олон төрлийн хөрөнгөд нэгэн зэрэг, хялбараар хөрөнгө оруулах боломжийг бий болгодог байгаа юм. Биткойны ETF гарсанаар харьцангуй жижиг хөрөнгө оруулагчид хувьцаа, бонд зэргийн адил хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй сангийн нэгж эрхийг худалдан авч, биткойны арилжаанд оролцох боломжтой болж байна.