Хүүхэд бүрд хөгжих боломж олгодог Ид шидийн орон Дундговь хүүхэд хөгжил, хамгааллын төвийн сайн дурын ажилтан Мандал сургуулийн 11а ангийн сурагч Б.Очирхүүг онцоллоо. Түүний хувьд ид шидийн орон Дундговь аймагт байгуулагдсан цагаас эхлэн тасралтгүй ирж, сургалт хөтөлбөрүүдэд хамрагдаж, сайн дурын ажилтнаар ажиллаж байна.
Б.Очирхүү энд ирэхдээ бүрэг, ичимхий хүүхэд байсан бол одоо хүнтэй утсаар ярихаас эхлээд, илтгэл тавих хүртэл өөртөө олон өөрчлөлт, шинэчлэлт хийжээ.
Тэрээр “Дундговь аймаг ид шидийн оронгүйгээр зүгээр л саарал харагдана. Би ид шидийн оронд ирж өөрөө өөртөө шинэчлэлт хийсэн.
Манай гэрийнхэн их завгүй хүмүүс байдаг. Өглөө бүгдээрээ гараад явчихдаг учраас гэртээ ганцаараа байх нь надад жаахан таагүй санагддаг. Ид шидийн орон яг миний гэр шиг байдаг. Үнэхээр таатай. Кинонд гардаг ордон шиг л.
Би өөрийнхөө хүссэн зүйлийг маш сайн сурдаг. Би ид шидийн оронд ирснээс хойш зураг зурж, гитар тоглож сурсан. Утсаар ярихаас эхлээд олон авьяасаа нээсэн.
Миний унших чадвар их муу, минутад 50-60-хан үг уншдаг байсан. Энд ирээд ном уншиж, өөрийгөө төвлөрүүлж чаддаг болсон.
Анх шинэ жилийн үеэр ид шидийн оронд ирээд, ганцаараа зүгээр сууж байтал манай багш ирээд “бүртгүүлсэн хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй ярьчих. Тэд дэх өдөр ирээрэй гээд хэлчих” гэхэд нь би ярих гэж маш их сандраад, олон үг хэлээд, ганцхан хүнтэй ярих гэж бараг 10 минут болоод тасалж байсан. Сүүлдээ дасаад зүгээр энгийн хүмүүстэй ярьж байгаа юм шиг ярьдаг болсон. Утсаар ярьж чаддаг болсноос эхлээд хүний өмнө гараад ярьж чаддаг болсон. Энэ нь надад үнэхээр том өөрчлөлт” гэв.
Тэр амралтын өдрийн өглөө 11 цагийн үед, хичээлийн өдрүүдэд 14 цагийн үед тараад шууд ид шидийн оронд ирдэг. Ирээд шууд боорцог иддэг, цай уугаад хичээлээ хийж, номоо уншдаг аж. Дараа нь энтертайнмент өрөөнд орж, гитар тоглодог.
Б.Очирхүү “Ид шидийн орныг бүтээсэн ах эгч нартаа маш их баярлалаа. Энэ гайхалтай газрыг босгож өгсөнд үнэхээр их баярлалаа. Энд ажилладаг ажилтнууд, сайн дурынхан, багш нартаа бүгдэд нь маш их хайртай шүү. Хүүхдүүд ээ “Зүгээр л ирээд үзээрэй. Ороод л үз. Үнэхээр гайхалтай уур амьсгал хүлээж авах болно” гэж хэлье.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.