Дэлхийн өнцөг булан бүрээс улс орны өндөр албан тушаалтнууд хүрэлцэн ирээд буй Дэлхийн эдийн засгийн чуулганд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ч мөн оролцож байна.
Тэрбээр өнгөрсөн жилийн чуулганыг алгассан бол энэ удаад биечлэн ирээд зогсохгүй, чуулганд үг хэлсэн нь Орос, Украины дайн эхэлсэнээс хойших анхны тохиолдол нь юм.
Ойрх дорнодод Израил, Хамасын дайн дэгдсэн нь Украин руу чиглэх улс орнуудын тусламжыг сулруулахад хүргээд байгаа юм. Тиймээс ч Володимир Зеленскийн илтгэл үндсэндээ барууны улс орнуудыг эв нэгдэлтэй байж, Украинд үзүүлэх санхүү, зэвсэг, хүмүүнлэгийн тусламжаа зогсоохгүй байхыг уриалсан өнгө аястай байсан. Тэрбээр илтгэлдээ Украинчууд зөвхөн өөрсдийнхөө төлөө бус дэлхий дахин дахь ардчиллыг хамгаалахын төлөө ОХУ-тай байлдаж байгаа гэдгийг дахин сануулж байв. Мөн барууны улс орнууд ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдээ чангатгах, цар хүрээг нь тэлэх хэрэгтэй байгааг анхааруулсан.
Чуулганы үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар Володимир Зеленскийтэй уулзсан юм. Энэ үеэр АНУ Украиныг орхихгүй хэмээн Энтони Блинкен амлалт өгч байв.