Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат нар Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа учир шүүхэд гомдол гаргах болсон талаар мэдээллээ. Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг "Агаарын бохирдлын асуудлаар шүүхэд хандаж байна. Дэлхийн хамгийн агаарын бохирдолтой улсуудын жагсаалтыг Монгол Улс тэргүүлдэг. Гэтэл шахмал түлш хэрэглэсэн өнгөрсөн таван жилийн хугацаанд одоог хүртэл барьцалдуулагч нь зохих стандартгүй байна. Түүнчлэн Тавантолгой түлш ХХК шахмал түлшнээс гарч байгаа утааныхаа найрлагыг судлаагүй байна. Үүнээс болж монголчууд бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах, мөн мэдэх эрхээ эдэлж чадахгүй байна.
Нийт агаарын найрлагын 21 хувь нь хүчилтөрөгч байдаг. Гэтэл 21 хувь байдаг хүчилтөрөгчийн оронд бид нүүрстөрөгч тэр дундаа угаарын хийн найрлагаар амьсгалж байна. Эрүүл мэнд маш ноцтойгоор хохирч байна. Утааны найрлага, шахмал түлшнээс гарч байгаа утааныхаа бодит байдлыг мэдээлэх үүргээ Засгийн газар биелүүлэхгүй байна. Монгол Улс агаарын чанарын индексийг долоо хоногт дундажлаж Агаар.мн дээр гаргадаг. Гэтэл агаарын бохирдол бодит байдал дээр ямар байна, яг энэ цагт үед ямар хэмжээний бохирдолтой байна гэдгийг мэдэх нь бидний хувьд маш чухал. Энгийнээр тайлбарлавал, өнөөдөр яг энэ цаг мөчид агаарын бохирдол ямар хэмжээтэй байна гэдгийг мэдэх нь чухал.
Угаарын хийн хордлогыг цочмог болон архаг өртөлт гэж хоёр ангилдаг. Гэтэл Монгол Улс MNC 64492013 гэсэн цочмог хордлогын стандарттай. Гэтэл иргэд өглөө, орой гадагшаа гарах бүрд архаг хордлогод өртөөд байна. Олон жилийн хугацаанд аажмаар бидний эд эс, эрүүл мэнд, мөн амьсгалын тогтолцооны эрхтнүүд бүгд муудаж байна гэсэн үг. Харамсалтай нь архаг хордлогын стандарт Монголд алга. Үүний талаар буюу архаг хордлогын үед ямар арга хэмжээ авах вэ, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, угаарын хийн архаг хордлогын үед ямар шинж тэмдэг илэрдэг талаар мэдээлэл өгөхгүй байна. Иргэд бид мэдэх эрхээ эдлэх хэрэгтэй. Түүнчлэн утаанаас болж хүний тархинд үхжилт тодорхой хэмжээгээр үүсдэг. Энэ тархины асуудал үүсэхээрээ ой санамж муудах, сэтгэл санаа хямрах, зөнөх зэрэг хожмын үр дагавар гардаг. Цочмог хордлогод өртсөн хүн ийм үр дагаварт хүрдэг бол архаг хордлогод өртөөд байгаа бид үүнээс ч аюултай үр дагаварт хүрж магадгүй.