"Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ "Авьяаслаг Америкчууд" шоунд оролцож шүүгч нарыг алмайруулсан бичлэг "America’s Got Talent" албан ёсны хуудаст өчигдөр байрлажээ. Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж, Франк Синатра шиг, магадгүй Майкл Жексон шиг том од болохыг хүсдэг талаараа хуучилж байсан тэрээр мөрөөдлийнхөө үзүүрээс атгаж, дэлхийн тайзнаа улсынхаа нэрийг дуудууллаа.
Тэрээр, “Урлагийн хүний гаргаж байгаа зүтгэл нь ил биш болохоор хүмүүс жаахан андуурдаг байх. Эцэг эхээс сайхан хоолой заяасан болохоор энэ залуу амархан дуулаад байна гэдэг хүмүүс ч бий. Яг үнэндээ түүнийг амархан болгож харагдуулахын тулд маш их хөдөлмөрлөдөг. Би анх дуулж сурснаасаа хойш өдөрт 200-300 удаа дуулдаг байсан. Түүнээсээ сэтгэлийн таашаал авч, гоё сайхан зүйлийг мэдэрсэн. Ямар ч байсан одоо явж байгаа энэ замналдаа огт эргэлзэж байгаагүй.
Анх 2016 онд "Авьяаслаг монголчууд" шоу тэмцээнд орсон юм. Түүнээс хойш 2018 онд Америкт нэг томоохон тэмцээнд оролцсон. Энэ хугацаанд дуугаа огт орхиогүй. Хүнээс чи яагаад ээж аавдаа хайртай юм гэхэд шалтгаангүй байдаг шиг яагаад ч юм би дуунд дуртай. Дуртай зүйлээ л хийж байгаа. Миний бодлоор хүн дуртай зүйлээ хамгийн сайн хийдэг гэж боддог. Залуус тренд дагаж, хүнд илүү сайхан харагдах гэхээс илүү өөрийнхөө дуртай зүйлийг хийх юм бол илүү их амжилт хүлээж байгаа.
Миний анх дуунд дурласан шалтгаан гэвэл алдарт дуучин Франк Синатра байсан. Миний мөрөөдөл Франк Синатра шиг, магадгүй Майкл Жексон шиг том од болохыг хүсдэг. Нөгөө талаас том амжилтад хүрэх, улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргах нь миний алсын том зорилго” гэсэн юм.
Ташрамд дурдахад дуучин О.Энх-Эрдэнэ "Авьяаслаг Америкчууд" шоунд "Friends in Low Places" хэмээх дууг дуулсан бөгөөд түүнийг шүүгчид “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч гэдгийг тодотгож, түүний дуулалтыг "гайхалтай" хэмээн онцолжээ. Шоуны хөтлөгч Хоуи Мэндел "Чи ам барьж дуулаад байгаа юм уу? Яаж ингэж дуулж чадаж байна аа" хэмээн итгэж ядан асуусан юм.