Тайванийн удирдагчийн сонгууль өнгөрсөн бямба гарагт болж, эрх баригч “Ардчилсан дэвшилтэт нам”-аас нэр дэвшсэн Лай Чин Тэ ялалт байгуулсан. Тэгвэл өчигдөр Бүгд Найрамдах Науру улс Тайваньтай дипломат харилцаагаа таслалаа.
Тайвань НҮБ-ын гишүүн 11 орон болон Гэгээн Ширээт улстай дипломат харилцаатай үлдэж байна. Даваа гарагт Науругийн Засгийн газраас энэ шийдвэрийнхээ талаар мэдэгдэхийн сацуу БНХАУ-тай хамтын ажиллагаа, харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллана гэсэн юм. Тайванийн шинэ удирдагч хийгээд дэд удирдагчийн сонголтод таатай хандахгүй байгаагаа БНХАУ илэрхийлсэн. “Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч” нам ийнхүү гурав дахь удаагаа Тайванийн эрх баригч болж буй. Тус намын засагласан сүүлийн найман жилд Тайваньтай 10 улс дипломат харилцаагаа тасалжээ.