“Ид шидийн орон Дундговь” хүүхэд хөгжил, хамгааллын төв нээгдээд хэдийн нэг жил өнгөрчээ. Дундговь аймгийн хамгийн өнгөлөг барилга гэж хэлэхэд хилсдэхгүй энэ газар түм түчигнэж, бум бужигнана гэгчээр үүднээсээ л инээд цалгисан хүүхдүүдийн дуугаар угтлаа. Энд хүүхдүүд хөгжим тоглож, дуу дуулж байхад тэнд ном уншиж, шатар тоглож харагдана. Хаа сайгүй хөөцөлдөн тоглох багачууд ч иржээ. Хаалгаар нь ороход л дулаан мэдрэмж төрүүлэхүйц энэ газар аль хэдийн хүүхэд бүхний хүслийн ордон болжээ.
Энд ирсэн хүүхдүүд үнэгүй сургалтад сууж, шинэ найзуудтай болж, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, хуваалцах, өөрийнхөө давуу талыг олж, хүсэж байгаагаа хэлдэг, хүсэхгүй байгаагаа илэрхийлэх зэрэг олон чадварт суралцаж байгаа аж. ЕБС-д тавдугаар ангиас англи хэл заадаг бол энд нэгдүгээр ангиасаа англи хэл үзэх боломжтой. Мөн ахлах ангийн сурагчид Австрали улсад төрсөн монгол хүүхдүүдтэй цахимаар холбогдож, англи хэлний яриа, сонсголын хичээлээ давтаж, сайжруулан, тэдэнд монгол орныхоо ёс заншил, нутгийнхаа онцлогийн талаар мэдлэг олгодог аж.
ИД ШИДИЙН ОРНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨР НЬ ХУВАНЦАР ХАЯГДЛАА АНГИЛЖ, ӨӨХӨН ТОС ТУШААХ
Ид шидийн орон Дундговь хүүхэд хөгжлийн төвд шатар даам, төгөлдөр хуур, гитар, үкүлэлэ, морин хуур, ардын бүжиг, зумба бүжиг зэрэг олон сургалтууд үнэ төлбөргүй явагддаг. Мөн өсвөр нас, дунд, ахлах гэсэн ангиллаар зүрх сэтгэлийн боловсролын сургалт ордог гэв. Түүнээс гадна шинжлэх ухааны хөтөлбөрүүд, спортын төрлөөс жюү жицү, оюун ухааны богино хугацааны хөтөлбөрүүд явагдаж байна. Энэ олон сургалтаас хүүхдүүд өөрийн сонирхож буй аль ч хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд үүний төлбөр нь ердөө хуванцар хогоо ангилж өгөх, хаях гэж байсан өөхөн тосоо цэвэрхэн хадгалаад авч ирж өгөх. Ингээд л сургалтууддаа ч хамрагдаж, байгаль орчинд ээлтэй, хогоо ангилж хаядаг иргэн болон төлөвших боломжтой юм. Үүний нэгэн жишээ нь Ид шидийн орон Дундговь төвийн хүүхдүүд жюү жицүгийн төрлөөр нэг жилийн хугацаанд улсаас 36 медаль хүртсэн байна. Түүнээс гурван хүүхэд Абу Даби хотод зохион байгуулагдсан жюү жицүгийн ДАШТ-д Ид шидийн орон Дундговийнхоо тугийг намируулжээ. Хуванцар хаягдлаа ангилж, өөхөн тосоор төлбөрөө төлөөд ийм амжилт гаргана гэдэг үнэхээр бахархам.
ИД ШИДИЙН ОРОН ДУНДГОВЬ ТӨВ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ХҮҮХДИЙН ЭРХИЙН 814 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ
Энэ байгууллага нэг жилийн хугацаанд нийт 18177 хүүхдэд үйлчилж, хүүхдийн эрхийн 814 зөрчлийг илрүүлж, ажиллажээ. Дундговь аймгийн хэмжээнд хамгийн түгээмэл ажиглагдсан хүүхдийн эрхийн зөрчил нь үл хайхрах хүчирхийлэл байна гэдгийг тус төвийн гүйцэтгэх захирал М.Санжаасүрэн хэлж байлаа. Аав, ээж нь өөр аймагт эсвэл уурхайд ажилладаг. Ингэхдээ хүүхдээ хоолтой, хоолгүй харгалзах хүнгүй үлдээгээд явдаг. Тухайн хүүхдийн анхан шатны хэрэгцээг ч хангахгүй байгаа учир зан төлөвийн өөрчлөлттэй болно. Үүнээс үүсэх олон эрсдэл байгааг эцэг эхчүүл ойлгохгүй, анзаарахгүй байгаа нь асуудал болж байгааг дурдлаа.
Мөн үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт цөөнгүй байгаа аж. Ид шидийн орон Дундговь нээгдсэнээр олон хүүхэд өөрийгөө нээж, өөртөө итгэлтэй болсон тухайгаа ярьж байсан юм. Тэд сургууль дээрээ, ангидаа ямар нэгэн байдлаар гадуурхалтад өртдөг байсан ч энд ирээд оролцоотой байж, илэн далангүй, нийтэч болсон байна. Сургалт орж буй багш нартаа “Би сургууль дээрээ юунд ч оролцдоггүй хүүхэд байсан. Хэн ч намайг тоодоггүй. Гэтэл ид шидийн орны багш намайг “Чи тайзан дээр гараад дуулж болно” гэж хэлсэн. Би өмнө нь хэзээ ч ийм үг сонсож байгаагүй. Хэзээ ч ингэж дуулж байгаагүй. Анх их сандарч байсан ч одоо илүү нээлттэй болж, би маш сайнаар өөрчдлөгдсөн” гэж өмнө нь сургууль дээрээ ямар гадуурхалтад өртдөг байсан тухайгаа хуваалцдаг байна.
СУРАГЧИД: ИД ШИДИЙН ОРОН БОЛ БИДНИЙ ДИСНЕЙН ОРДОН
Мөн Ид шидийн орон Дундговь хүүхэд хөгжил, хамгааллын төв дэргэдээ 60 гаруй сайн дурын ажилтантай болжээ. Тус аймгийн ахлах ангйин сурагчид өөрсдийн хүслээр нэгдэн сайн дурын клуб байгуулж, ерөнхийлөгчөө сонгон, нэг жилийн хугацаанд хийсэн ажлуудаа дүгнэж, ирэх жилийн ажлуудаа төлөвлөн ажилладаг байна. Тэд доод ангийн дүү нартаа хичээл зааж, сурсан мэдсэн зүйлсээ хуваалцаж, номын клуб, хөгжим, илтгэлийн клуб байгуулахаас гадна хүүхдүүдийн дунд зохион байгуулж буй бүхий л арга хэмжээний арын албанд ажилладаг байна.
Ид шидийн орон Дундговийн сайн дурын ажилтан сурагчдын сэтгэгдэл:
ИД ШИДТЭЙ АХ, ЭГЧ НАРТАА БАЯРЛАЛАА
Дундговь аймгийн Мандал сургуулийн 11а ангийн сурагч Б.Очирхүү
Хамгийн анх Дундговь аймгийн фэйсбүүк группт ид шидийн орон барина гэсэн зураг гарч ирэхэд би итгээгүй. Зун хөдөө яваад ирэхэд гэнэт босчихсон байсан. Би маш их гайхсан. Яг л диснейн хүүхэлдэйн кинонд гардаг шиг маш том ертөнцөд ороод ирсэн. Уур амьсгал нь хүртэл гоё, шал өөр санагдсан.
Би ид шидийн оронд сайн дураар ажилласнаас хойш өөрийгөө шинээр харж, өөрийнхөө олон авьяасыг нээсэн. Өмнө нь хүнтэй утсаар ярихаар эвээ олохгүй ярьж чаддаггүй байсан бол энд ажиллаад утсаар ярьж сурсан. Мөн арга хэмжээ зохион байгуулж, арын албанд ажиллаж, бүгдийг өөрийн гараар хийж, зохион байгуулалтын талаар ойлголттой болсон. Зураг зурж, хөгжим тоглож сурсан. Хамгийн анхан шатны чадвараас ахисан шат хүртэл маш амжилттайгаар олон зүйлийг үнэ төлбөргүй сурсандаа баяртай байна.
Энэ гайхалтай ордныг барьж, босгосон ид шидтэй бүх ах, эгч нартаа үнэхээр баярлалаа. Та нарт бүгдэд нь маш их хайртай шүү гэж хэлмээр байна.
ИД ШИДИЙН ОРДОНД ИРСНЭЭР ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ БОЛСОН
Дундговь аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч М.Даваажаргал
Ид шидийн орон нээгдэхэд их гоё санагдаж байсан. Хотод л байдаг байгууллага 21 аймгаас манай аймгийг сонгон нээгдэж байгаа нь их гоё санагдаж байсан. Одоо ингээд харахад маш олон хүүхдүүдтэй найзууд болсон байна. Би өмнө нь бүрэг, даруухан хүүхэд байсан. Энд ирснээр олон найзуудтай болж, өөрийгөө нээж, үйл ажиллагаа зохион байгуулах дуртай гэдгээ мэдсэн. Одоо ид шидийн орон олон сайн дурын ажилтантай болж, аймаг даяараа мэддэг болсонд маш их баяртай байна. Улам өргөжиж, илүү олон хүүхэд энд ирж, бидэнтэй хамт суралцаасай гэж хүсэж байна.
БҮХ АЙМАГТ ИД ШИДИЙН ОРОН НЭЭГДЭЭСЭЙ
Дундговь аймгийн Цэгц билиг сургуулийн 11б ангийн сурагч Б.Энхжин
Хамгийн анх ид шидийн орныг дан хандиваар бүтнэ гэдгийг сонсоод гайхаж байсан. “Хандив аа, хүмүүс ийм том хандив өгөх юм уу” гэж бодсон. Гэтэл маш их мөнгө цугларч, олон хүн тусалж, ид шидийн орон нээгдсэн. Энэ нь намайг үнэхээр гайхшруулсан.
Би анх ямар байгууллага гэдгийг нь мэдээгүй. Дотор нь томчууд ажиллаж, хүүхдүүдэд туслах арга хэмжээ зохион байгуулах ажил л хийх байх гэж бодтол шал өөр байсан. Ирээд үзтэл олон өрөөтэй, үнэгүй сургалтуудтай, хүссэн үедээ ирээд хөгжих, суралцах боломжтой байсан нь үнэхээр гоё санагдсан.
Одоо энэ төв маань зөвхөн аймгийн бус сумдын хүүхдүүдэд ч хүрч ажилладаг болоосой гэж хүсэж байна. Бас бусад аймгуудад ид шидийн орон баригдаж, хүүхэд бүрт хөгжих боломж олгоосой гэж хүсэж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.