Олон цагаар ажиллаж, гэр бүлээс дарамт ихтэй байдаг эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байдаг талаарх судалгаа нийтлэгджээ. “Хөдөлмөрийн болон хүрээлэн буй орчны эрүүл мэндийн олон улсын сэтгүүл”-д нийтлэгдсэн судалгаагаар олон цагаар ажилладаг эмэгтэйчүүд хэвийн цагаар ажилладаг эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэл гутралд өртөх магадлал нь 35 хувиар илүү байгаа аж.
Эсрэгээрээ, эрэгтэй ажилчид ажиллах цаг хийгээд гэр бүлийн дарамтаас үл шалтгаалж тэдний сэтгэл гутралд өртөх магадлал маш бага байдаг байна. Эмэгтэй ажилчдын сэтгэл гутралд өртөх эрсдэл нэмэгдэж байгаа нь тэдэнд тулгарч буй нэмэлт стресстэй холбоотой аж.
Тухайлбал, БНСУ-ын нийгэмд гэр бүлийн ажил, хүүхдийн сургууль, хичээл, хүүхэд асрах зэрэг гэр бүлтэй холбоотой үүрэг хариуцлагаа эмэгтэйчүүд удирдахаас өөр аргагүйд хүрдэг гэж судлаачид тэмдэглэжээ. Энэхүү судалгааг БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн судалгааны хүрээлэнгээс 20,384 ажилчдын дунд хийсэн судалгааны үр дүн суурилан танилцуулсан байна.