Мягмар гарагт Францын боловсролын сайд Габриэль Атталь тус улсын ерөнхий сайдаар томилогдлоо. 34 настай тэрбээр Францын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болж буй.
Габриэль Атталь нь өнгөрсөн оны долоодугаар сард боловсролын сайдын албан тушаалыг хашиж эхэлсэн. Энэ үедээ тэрбээр улсын сургуулиудад муслим эмэгтэйчүүдийн өмсгөлийг хориглож байсан нь олон нийтээс ихээхэн шүүмжлэл сонсоход хүргэсэн байдаг. Ийнхүү ерөнхий сайд болсныхоо дараа “Франц улс боловсролыг нэн тэргүүнд тавина” гэж Габриэль Атталь онцоллоо.
Угтаа Габриэль Атталь нь ард түмнийхээ дунд нэр хүндтэй, өсөж яваа залуу улс төрч гэж танигдсан. Ялангуяа цар тахлын үед засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан нь түүнийг нэр хүндтэй болоход нөлөөлжээ. Харин Габриэль Атталийн улс төрийн үзэл баримтлал Э.Макроныг санагдуулдаг гэгддэг. Тиймээс түүнийг хэдийн “жижиг Макрон” гэж онцолж эхэлжээ. Одоо түүнд шинэ засгийн газар байгуулах томоохон ажил ногдоод буй.