Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2024.01.09) хуралджээ. Хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хийв.
Ажлын хэсэг нэг суманд 3000, хороонд 5000 хүртэлх хүн амд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан нэг байхаар тооцож ажиллуулах, кэйс менежмент гэдэг нэр томьёог Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлд хүсэлт илгээж албан бичгээр хариу авсны дүнд хэвээр үлдээх, кэйс менежментийн эрсдэлийн менежментийг эрсдэлт нөхцөлийн зохицуулалт гэж оноохоор зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд боловсруулжээ.
Түүнчлэн, анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжсэн ч хуульд нийцүүлж дахин тодорхойлох шаардлага үүссэн тул “цахимаар дарамтлах” гэсэн тайлбарыг өөрчилсөн байна.
Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь
- Гэр бүлд суурилсан урьдчилан сэргийлэх хүүхэд хамгааллын үйлчилгээ,
- Шуурхай тусламжийн үйлчилгээ,
- Хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ гэсэн гурван төрөлтэй байхаар төсөлд тусгажээ.
Хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулахын тулд орон тооны асуудалд анхаарах, үйл ажиллагааг тодорхой болгох талаар НҮБ-аас зөвлөмж өгсөн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат дурдав. Мөн тэрбээр нийгмийн ажилтны чиг үүрэг, эрх мэдлийг тодорхой тусгах тухай Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очирын асуултад, хүүхдийн эрх зөрчигдөж байна уу, үгүй юү гэдэг дээр төрийн нэрийн өмнөөс үнэлэлт, дүгнэлт өгөх учраас нийгмийн ажилтнууд мэргэжлийн байх ёстой гэж үзэж байгаа хэмээн хариулсан юм.
2024 оны улсын төсөвт хүүхэд хамгааллын зардлыг 8 тэрбум төгрөгөөр тусган, хамгаалах байрны зардлыг орон нутгийн төсөвт суулгажээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, хүүхэд хамгааллын ажилтан бол албан тасалгаанд суудаг хүмүүс биш, байнга айл өрхөөрөө явж, судалгаа шинжилгээ, тандалтаа хийдэг, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгдөг байх ёстой тул ямар ч эрх мэдэлгүй, зардалгүй ажиллах боломжгүй гэлээ.