Бангладешийн парламентын сонгууль болж, Авами Лиг нам парламентын 300 суудлын 222-ийг нь авснаар Шейх Хасина тав дахь удаагаа ерөнхий сайдын албыг хаших гэж байна.
Сонгуулийн дүн гарсан даруйд Бангладеш улс нэг намын тогтолцоо руу чиглэж байна уу гэх болгоомжлол олон нийтийн дунд үүсч, эсэргүүцлийн жагсаал өрнөжээ. Сөрөг хүчний Жатия нам ердөө 11 суудал авч чадсан. Энэ нь Бангладеш улсын парламентанд нөлөө бүхий сөрөг хүчин байхгүй болсонг илтгэж байна гэж шинжээчид үзэж байна. Хүн амынхаа тоогоор дэлхийд 8-т жагсдаг Бангладешт сонгуулийн насны 120 сая хүн бий. Үүнээс 40 хувь нь саналаа өгсөн гэх албан ёсны мэдээ байгаа ч эх сурвалжууд энэ тоонд эргэлзэж буйгаа мэдээлсээр байгаа юм. Тухайлбал, бодит байдал дээр 30 хувьд ч хүрэхгүй хүн санал өгсөн байх магадлалтай гэж үзэж байгаа аж.
Өнгөрсөн оны 11-р сард сонгуулийн тов зарлагдахтай зэрэгцэн тус улсын сөрөг хүчний томоохон намууд сонгуулийн үр дүнд эрх баригч нам нөлөөлнө хэмээн хардаж буйгаа нээлттэй илэрхийлж байсан. Авами лиг намын хамгийн том өрсөлдөгч болох Бангладешийн үндсэрхэг намаас санал хураалтыг ямар нэгэн төвийг сахисан байгууллагын хараа хяналтан дор явуулах хүсэлт гаргаж байсан ч амжилт олоогүй юм. Сонгуулийн дүнг тойрсон маргаан ийнхүү үргэлжилсээр байгаа нь олон нийтийг хамарсан зөрчил мөргөлдөөнийг өдөөж болзошгүй байна.
Авами лиг намын хамгийн том өрсөлдөгч болох Бангладешийн үндсэрхэг намын гишүүд болон дэмжигчид сонгуулийн санал хураалт эхлэхээс ч өмнө засгийн газрыг эсэргүүцэж хэд хэдэн удаа томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байсан удаатай. Тэдний эсэргүүцлийг намжаахын тулд засгийн газраас өнгөрсөн оны 10-р сараас хойш хариу арга хэмжээ эрчимтэй авч, улмаар Бангладешийн үндсэрхэг намын 20 мянга гаруй гишүүд баривчлагдаж, 15 хүн жагсаал цуглааны улмаас амь үрэгдсэн билээ.