Ардчилсан нам боловсон хүчний томилгоонуудаа хийгээд дуусаж байна. Өмнө нь 15 дэд дарга, генсекээ томилсон бол саяхан нарийн бичгийн дарга нараа томилсон юм. Томилсон нарийн бичгийн дарга нар нь залуучууд байгаа нь олны анхаарлын төвд ороод байна. Тэгвэл Бизнес хөгжил, технологи инноваци хариуцсан нарийн бичгийн дарга, төрийн удирдлагын доктор Н.Гансүхтэй уулзлаа.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Нарийн бичгийн дарга болсонд баяр хүргэе.
Баярлалаа
Бизнес хөгжил, технологи инноваци хариуцсан нарийн бичгийн дарга боллоо. Та энэ албан тушаалыг хэрхэн харж байна, ач холбогдлыг нь хэрхэн тодорхойлж байна ?
Залуучуудад намын бодлого тодорхойлох түвшинд орж ажиллах боломжийг олгож байна. Нэгдүгээрт Монгол Улс бол залуучуудын улс. Нийгэм юу хүсэж байна. Үүнийг залуучуудын дуу хоолой болж, тэдний хүсээд байгаа зүйлийг төрийн бодлого болгоход бид тусална. Ард иргэдтэйгээ илүү ойр ажиллах үүднээс залуу таван нарийн бичгийн даргыг томилсон гэж харж байна.
Миний хувьд бол энэ маш хариуцлагатай албан тушаал. Бид бодлого тодорхойлоход оролцох учраас хөөсөрсөн, эсвэл хуучных шиг лидер дагасан ийм маягийн улс төр хийхээс илүүтэй бодлого тодорхойлж, олон улсын сайн жишгийг авж, хэрэгжиж болох бодитой бодлогыг ярих нь бидний онцлог юм.
Монголд бизнесийн таатай орчин байгаа юу. Бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг асуудлыг яриач ?
Монгол 3.4 сая хүн амтай. Гэвч үйл ажиллагаа явуулж буй компаниудын 80-90 хувь нь жижиг дунд үйлдвэрлэл. Бүртгэлтэй 210 мянган аж ахуйн нэгж байдгийн 50 хувь нь үйл ажиллагаа явуулахгүй байна. Яагаад гэвэл монголд бизнесийн сайн орчин алга.
Төрийн оролцоогүй зүйл алга. Өнөөдөр хуваариа бизнес эрхэлж байгаа хүн болгон зээлтэй байна. Монголбанкны гаргасан судалгаагаар давхардсан тоогоор хөдөлмөрийн насны 4.7 сая хүн зээлтэй байна. Ихэнх нь гар утасны зээлтэй. Өнөөдөр бизнесийн орчин хумигдаж, мөнгөний хатуу бодлого барьж байна.
Ардчилсан нам бизнесийн тухайд ямар бодлого барьж ажиллахаар төлөвлөж байна. Бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмжиж ажиллах вэ?
Энэ үед Ардчилсан нам эдийн засгийг чөлөөлөх хэрэгтэй. Чөлөөт эдийн засгийн бодлого явуулах хэрэгтэй. Төр эдийн засаг болон, бизнесийн орчинд маш бага оролцох хэрэгтэй. Өнөөдөр бизнес эрхлэгчид дарамт дунд л байгаа. Татварын, хяналт, шалгалт, тусгай зөвшөөрөл, лиценз, зэрэг төрийн дарамт дунд байна. Бизнес эрхэлж байгаа хүн болгон эх орон ч хүмүүс. Татвараа шударгаар төлж, ажил олгож байна. Гэтэл улстөрчид хянадаг, шалгадаг ийм тогтолцоо байгаа юм.
Тэгэхээр Ардчилсан намын Бизнес хөгжил, технологи инноваци хариуцсан нарийн бичгийн даргын хувьд би баруун төвийн үзлийг дэлгэрүүлэх, цаашдаа төрийн оролцоог маш бага байлгах чиглэлээр анхаарч ажиллана. Үүнийг бодлого болгох хэрэгтэй. Дарга нарын гарын үсгээр дамждаг мөнгө байгаа цагт авлига хэзээ ч буурахгүй. Харин хувийн хэвшилдээ боломж олгох нь Ардчилсан намын суурь философи юм. Энэ нь цаашлаад Монголын хөгжилд хамгийн том хөшүүрэг болно гэж хувьдаа харж байна.