
Он гарсны дараахан уламжлал ёсоор зохион байгуулагддаг кино урлагийн салбар дахь шилдгүүдийг тодруулдаг томоохон наадмуудын нэг болох Алтан бөмбөрцөг эхлэх гэж байна.
2023 оны хувьд Барби, Оппенхаймер тэргүүтэй кино салбарт олон онцлох үйл явдалтай жил өнгөрсөн. Энэ удаагийн Алтан бөмбөрцгийн наадамд дээрх хоёр киноноос гадна “Killers of the Flower Moon”, “Poor things”, “Past lives” зэрэг кинонууд хүчтэй өрсөлдөж байна. Харин телевизийн цувралын ангилалд “Succession”, “The Crown”, “The Last of Us” зэрэг бүтээлүүд өрсөлдөөнийг тэргүүлж байгаа аж.
Энэ жилийн наадамд хэд хэдэн шинэ номинац гарсан ба үүнд бокс оффисын жагсаалтыг нь харгалзан үзэх ангилал хамрагдаж байна.
Шилдэг эмэгтэй дүрийн номинацид Эмма Стөүн, Сандра Хюллер, Лили Гладстөүн, Кэрри Муллиган нар өрсөлдөж байгаа бол эрэгтэй дүрд Леонардо Ди Каприо, Жэффри Врайт, Пол Жиаматти, Брэдли Күүпер нар өрсөлдөж байна.