АНУ-ын Айова мужийн “Перри” ахлах сургуульд галт зэвсгийн халдага гарч, зургаан хүн рүү сум онилжээ. Харамсалтай нь зургаадугаар ангийн нэг хүүхэд амиа алдсан байна. Энэ бол шинэ жилийн амралтаас хойш хичээл эхэлсэн эхний өдөр байсан юм.
Хэрэг үйлдсэн этгээд нь 17 настай эрэгтэй хүүхэд байсан бөгөөд хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийнхөө аминд хүрсэн байдалтай олдсоныг цагдаа нар мэдээлсэн. Айова мужийн захирагч Ким Рэйнолдс болсон үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлж, бүх Айовачууд хохирогч нар болон тэдний гэр бүлийнхэнтэй хамт байгаа талаар олон нийтэд хандаж хэллээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мөн Аойва мужийн захирагчтай ойрхон харилцаж байгаа талаар цагаан ордноос мэдээлсэн. Хэрэг гарсан Перри ахлах, дунд сургуулийн ойролцоох бүс нутагт 10 мянга хүрэхгүй иргэд амьдардаг ба мужийнхаа төвөөс 64 км-ийн зайд байрладаг юм байна.
АНУ-ын хувьд он гарснаас хойш буюу дөрвөн өдрийн дотор сургуулийн орчимд хоёр удаагийн галт зэвсгийн халдлага боллоо. Ийм төрлийн гэмт хэрэг 2018 оноос хойш тус улсад 183 удаа бүртгэгдсэнээс өнгөрсөн онд буюу 2022 онд хамгийн их болжээ. Үүгээр зогсохгүй, өнгөрсөн жил болсон ийм төрлийн гэмт хэргээс болж гэмтэж бэртсэн, эсвэл амиа алдсан хэрэг 37 бүртгэгдсэн байна.