Нийслэлийн АН-аас хотын дарга Х.Нямбаатарын санаачлан батлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуультай холбоотой асуудлаар мэдээллээ.
Нийслэлийн АН-ын даргын хуулийн зөвлөх н.Одбаяр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд Нийслэлийн АН-аас хотын дарга Х.Нямбаатарт дөрвөн зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын хариу дорвитой арга хэмжээнд хүрээгүй. Тэр шаардлага нь нийслэл Улаанбаатар хотын хамгийн анх гаргасан дугаарын хязгаарлалтыг нэмэгдүүлсэн, иргэдийн эрхэнд шууд халдсан гэх утга бүхий захирамж байсан. Энэ захирамжаа цуцалж, иргэдийн ажил амьдралд хүндрэл учруулж байгаадаа уучлалт хүс гэдэг утгатай шаардлага хүргүүлсэн. Түүнээс гадна хотын дарга Х.Нямбаатар гэр хорооллыг орон сууцжуулах, замын түгжрэлийг бууруулах гэдэг хоёр үндсэн утгатай нэг хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсан. Тэр хууль нь хараахан хэрэгжиж эхлээгүй байна.
Энэ хуулийн төслийг харахад нийслэлийн иргэдийн эрхийг хөндсөн, хууль батлуулах үйл явцад алдаатай хууль батлуулсан байна гэдэг үндэслэлээр өнөөдрийн хэвлэлийн хурал зарлаж байна.
Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд байгаа ганц өмч нь газар. 220,000 хашаа нийслэлд байна, энэ хашаандаа иргэд, ажил амьдралаа залгуулж байгаа. Зарах газаргүй болсон учраас иргэдийнхээ хашаа руу дайрч байгааг эсэргүүцэж байна.
Түгжрэлийн асуудлыг тусдаа хууль болгож шийдэх ёстой. "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийг хэрэгжүүлэхгүй байх үүднээс Үндсэн Хуулийн Цэц, холбогдох байгууллагуудад хандаж хүчингүй болгуулахаа мэдэгдье.
Супер баатар болоод Улаанбаатарыг гоё, аз жаргалтай болгоно гэж гарч ирээд хийсэн эхний алхам нь дугаарын хязгаарлалт, иргэдийн эрхэд халдсан. Иргэдээс санал асуулгүйгээр хязгаарлалт хийсэн.
Дараагийн алхам нь иргэдийн өмч рүү халдсан хуулийг батлуулсан. Хууль батлуулах эрх нь түүнд бий эсэх нь Ч асуудал.
1.7 сая хүн амтай Улаанбаатар хотыг хүний эрхийн мэдрэмжтэй, дэд бүтцийг хөгжүүлэх мэргэжлийн хүн удирдах шаардлагатай байна. Хаадаг, хорьдог хүн хотын дарга байх нь тохиромжгүй гэж үзэж байна” гэв.
Энэ хуулийн талаар нийслэлийн АН-ын Хүний эрх хариуцсан хуулийн зөвлөх н.Номингэрэл задлан тайлбарлалаа.
Батлагдсан энэ хуулийг харахад:
- Нэгдүгээрт хууль зүйн техникийн үүднээс нөгөө талаас Үндсэн хуульд заасан газар өмчлөх эрхийг хязгаарласан, эрхийг хязгаарлахдаа барьдаг Үндсэн хуулийн эрх зүйн суурь зарчмуудыг үл тоосон, эдгээр зарчмуудыг огт авч хэлэлцээгүй хууль бий болсон байна гэж харж байна.
- Хоёрдугаарт, хууль зүйн техникийн үүднээс ямар байна вэ гэхээр энэ хуулийг нэн яаралтай горимоор батлуулсан. Энэ нэн яаралтай гэдэг горим нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудал гэж заасан байна. Гэтэл яг энэ хуулийг нь харахаар нэн яаралтай горимоор батлах хууль шиг харагдахгүй байна.
- Гуравдугаарт, Манай уламжлалт эрх зүйн хууль тогтоомжийн тухай хууль, хууль тогтоомжийг батлах хууль ч бүгд хуульчлагдсан байдаг. Гэтэл энэ хууль тогтоомжуудынхаа үндсэн зарчмуудыг зөрчиж, “шинэ жилийн мод шиг” хууль гэж. Өөрөөр хэлбэл, хоорондоо холбоотой, холбоогүй суурь харилцаануудыг зохицуулсан салбар харилцааны судалгаа, мэдээлэлтэй, ул суурьтай зохицуулах шаардлагатай хуулиудыг нэн яаралтай горимоор холиод баталчихсан. Яг “бантан шиг” хууль байна” гэв.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.