Ардчилсан нам шинэ, залуу таван нарийн бичгийн дарга томилсон. Олон нийтийн сүлжээнд иргэд “Хийсэн, гийгүүлсэн зүйлгүй хүүхдүүд ч юм шиг санагдаж байна. Уг нь төрийн ажлыг төлөвшсөн, ухаан суусан үедээ хийх ёстой ажил гэж боддог” гэх мэтээр сэтгэгдлээ хуваалцсаар байгаа юм. тэгвэл АН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн ямар боловсрол, ажлын туршлагатай талаар хүргэе.
Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Баяндүүрэнгийн Энхдөлгөөн нь Канадын Бритиш Колумбын их сургуулийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.
- Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн нарийн бичиг,
- АН-ын бодлого, стратеги судалгааны хүрээлэнд улс төр, гадаад харилцааны чиглэлээр ажилласан туршлагатай.
Тэр юу хэлэв?
“Ардчилсан нам таван шинэ, залуу нарийн бичгийн дарга томилсон. Энэ нь нэг талаасаа нам дотооддоо хүний нөөцийн томоохон шинэчлэлт хийж байгаа гэж үзэж болно. Нөгөө талаас АН улс төрийн институцын хувьд монгол хүний хөгжлийг хүн төвтэй, хүмүүн капиталд суурилсан хөгжлийн стратегийг боловсруулж байгаа гэдэгтэй шууд холбоотой гэж ойлгож байна. Ардчилсан нам гадаад бодлогын хувьд нээлттэй, олон талт гадаад бодлогыг тууштай дэмждэг улс төрийн хүчин мөн. Намын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргын хувьд намын интитуцыг бэхжүүлэхэд олон улсын баруун төв үзэл баримтлалтай хамтран, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, хүний нөөцийг чадавхжуулах ёстой.
Геополитикийн хувьд хуваагдалтай, хүндрэлтэй үед ардчилсан намын баримтлах гадаад бодлого харилцаа, хамтын ажиллагаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах оновчтой бодлогыг тодорхойлоход залуучуудын хамтын ажиллагаа шаардлагатай” гэсэн юм.