Иран улсын Керман хотод ойрхон зайтай хоёр удаагийн дэлбэрэлт болсон. Үүнээс болж 103 хүний амь үрэгдэж, 170 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Иран улсад ийм их хүний аминд хүрсэн халдлага өдийг хүртэл болж байгаагүй юм. Зарим гэмтэж бэртсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа тул амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй байна.
Ираны төрийн хэвлэлээс мэдээлж буйгаар хоёр удаагийн дэлбэрэлт хоорондоо 20 минутын зайтай болсон бөгөөд тэсрэх бөмбөгнүүд алсын удирдлагатай байсан аж. Одоогоос дөрвөн жилийн өмнө АНУ-ын нисгэгчгүй онгоцны халдлагын үеэр амь үрэгдсэн Ираны генерал Касем Солейманигийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх ёслолын дундуур энэхүү дэлбэрэлт тохиосон юм.
Касем Солейманигийн хувьд Ираны улс төр, зэвсэгт хүчинд чухал нөлөөтэй хүн байсан. Түүнийг амь үрэгдсэний дараагаар Иран даяар иргэд олон өдрийн турш гашуудал зарлаж байсан юм. Түүний дурсгалд хүндэтгэл үзүүлж байх үед ийнхүү дэлбэрэлт болж, олон хүний амь үрэгдсэн нь Ираны эрх баригчдын уур бухимдлыг ихээр төрүүлж байна. Ираны гадаад хэргийн яамнаас халдлагыг зохион байгуулагчийг олж илрүүлэхээр шалгалт, хяналтын ажиллагааг эхлүүлсэн гэлээ.
Ираны ерөнхийлөгч Эбрахам Раиси халдлагын ард еврейчүүд буюу Израил улс байгаа гэж үзэж байна. Тэрбээр цугласан олонд хандаж үг хэлэхдээ “Израилчуудад анхааруулъя. Хийсэн гэмт хэрэгт чинь заавал хариуцлага хүлээлгэнэ” гэсэн нь Иран, Израилын хооронд мөргөлдөөн үүсэх вий гэсэн болгоомжлолыг үүсгээд байна. Израилын зэвсэгт хүчний удирдагчдын нэг Эсмайл Гани Израилаас гадна АНУ-ыг мөн адил дэлбэрэлтэд буруутгасан юм. Улмаар АНУ-ын төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Matthew Miller, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Көрби тэргүүтэй албаны хүмүүс үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой АНУ-ын байр суурийг илэрхийлсэн юм.
Тэдний мэдээлж буйгаар Ираны Керман хотод болсон дэлбэрэлтэд АНУ ямар ч холбоогүй бөгөөд АНУ-д Иран руу халдлага хийх үндэслэл /шалтгаан/ огт байхгүй гэсэн. Мөн Израил улсыг дэлбэрэлтэд холбоотой гэж үзэх баримт нотолгоо одоогоор байхгүй байна гэлээ.
Харин Израилын засгийн газраас дэлбэрэлттэй холбоотойгоор ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй. Ийнхүү 100 гаруй хүний аминд хүрсэн дэлбэрэлтийг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй хэвээр байна.