Энэ онд дэлхий дахинаа 60 гаруй улсад сонгууль болно. Дэлхийн ардчиллыг сорьсон жил ч гэж зарим шинжээчид энэ жилийг тодорхойлоод эхэлчихсэн. Эдгээр сонгуулиас хамгийн хүлээлт үүсгэж буй нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны арваннэгдүгээр сард болно.
Одоогийн ерөнхийлөгч Жо Байден ардчилсан намаас өрсөлдөхөө зарласан бол Бүгд найрамдахчуудын хувьд асуудал арай өөр байна. Тодруулбал, бүгд найрамдах намаас Доналд Трамп өрсөлдөх магадлал маш өндөр байсан ба түүний кампанит ажил өнгөрсөн зунаас л эхэлснийг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан.
Зарим албан бус урьдчилсан санал асуулгаар Доналд Трамп Жо Байденыг ч хол хаяж байсан. Гэвч АНУ-ын Мэн муж болон Колорадо мужийн шүүхээс түүнийг анхан шатны сунгаанд оролцохыг хориглосон шийдвэр гаргасан. Ингэхдээ тэд АНУ-ын Иргэний дайны дараа батлагдсан үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийн 3-р заалт үндэслэж шийдвэрээ гаргасан байдаг. Ингэснээр анх удаагаа ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөж буй хүний сунгаанд оролцох эрхийг тус хуулийн заалт дээр үндэслэн хориглож байгаа юм байна. Энэ заалтад "АНУ-ын эсрэг бослого гаргасан, оролцсон эсвэл дайснууддаа тусламж, дэмжлэг үзүүлсэн бол аль нэг муж улсад төрийн алба хашихыг хориглоно” гэж тусгасан байдаг.
2021 оны нэгдүгээр сарын 6-нд Трампыг дэмжигчид Капитол буюу АНУ-ын конгрессын төв байр луу дайран орсон хэрэг гарсан. Үүнд Трампыг, тэр дундаа түүний тухайн үед твиттер дээр бичиж байсан жиргээнүүд нөлөөлсөн гэж эсрэг намынхан нь буруутгаж, улмаар ийм шийдвэр гаргахдаа тулсан.
Трампын хувьд Мэн мужийн төрийн нарийн бичгийн дарга Шенна Беллоузын шийдвэрийг давж заалдаад байгаа юм. Трампын хуульчид Шенна Беллоузыг ардчилсан намын хүн бөгөөд хэт нэг талыг баримталсан, шударга бус шийдвэр гаргалаа хэмээн буруутгаад байна.
Трампын хувьд консерватив улс төрч. Тэрбээр хар тамхины эсрэг байр суурьтай нэгэн ба цагаачлалын асуудалд ихээхэн ач холбогдол өгч байсан нэгэн. Өөрөөр хэлбэл, америкчуудын хувьд нэр хүндтэй, өндөр оноо авах боломжтой нэгэн буюу Жо Байдены хамгийн хүчтэй өрсөлдөгч. Хэрэв Д.Трамп сонгуульд оролцож, ялалт байгуулбал Украины дайны санхүүжилт, Хятадтай харилцах харилцаанд маш олон өөрчлөлтүүд гарах юм. Тиймээс ардчилсан намынхан Трампын эсрэг бүх боломжит аргыг ашиглаж байна гэж хөндлөнгийн судлаачид дүгнэж байгаа юм.