Эрүүгийн болон зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар өнөөдөр ХЗДХЯ-аас мэдээллээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас яаралтай горимоор хуулийн төслүүд өргөн барьсан.
Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж байна.
Ингэхдээ хөөн хэлэлцэх хугацаа нэмэгдэж байна. Бүх насаар хорих ял оногдуулахаас зааснаас бусад хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож, хохирогчийг 18 нас хүрсний дараа тоолж эхлэхээр өөрчлөлт орсон.
Мөн бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж хоёр ба түүнээс олон хүнийг худалдаалж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж, байнга тогтвортой, зохион байгуулалттай хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд өршөөл үзүүлэхгүй байхаар батлагдсан.
Мөн бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж хоёр ба түүнээс олон хүнийг худалдаалж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж, байнга тогтвортой, зохион байгуулалттай хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийтийн албан тушаалтан хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байх өөрөөр хэлбэл магадлангаар суллахгүй байх хуулийн өөрчлөлт Эрүүгийн хуульд орсон.
Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээг 20 жил байсныг 25 жил болгон нэмэгдүүлсэн” гэв.