Японы төв хэсэгт тав хүрэхгүй минутын хугацаанд хоёр удаа газар хөдөллөө. Өчигдрийн хамгийн хүчтэй газар хөдлөлт 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт байсан ба чичирхийлэл мэдрэгдсээр байсан юм. Улмаар орон нутгийн цагаар 23 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тус газар хөдлөлтийг анх 7 магнитудын хүчтэй байсан гэж мэдээлснийг NHK залруулжээ.
Өчигдөр Япон улс цунамигийн 3 метрээс дээш цунами үүсэх эрсдэлтэй үед хэрэгжүүлдэг, хамгийн өндөр аюулын түвшнийг зарлаад байсан юм. Харин өнөөдөр тус аюулын түвшнийг цуцалсан байгаа юм. Гэхдээ 1 метр хүртэл цунами үүсэх эрсдэл байсаар байгаа аж. Албаныхны зүгээс иргэдийг аюултай бүсээс холдож, өндөрлөг газарт гарахыг анхааруулсан төдийгүй ойрын хугацаанд аюултай бүс рүү эргэн ирэхгүй байхыг санууллаа. Гэрээсээ дайжсан иргэд хоргодох төвүүдэд байршсан ба албаныхан тэднийг ус, хөнжил зэрэг хэрэгцээтэй зүйлсээр хангажээ.
Өчигдрийн байдлаар тус улсын баруун эргийн зарим хэсэгт 1,2 метрийн өндөртэй цунами үүссэн байна. Түүнчлэн зөвхөн Япон гэлтгүй БНСУ, БНАСАУ болон Оросын алс дорнодын зарим хэсэгт цунамигийн түгшүүр зарлаад байна.
NHK-ийн мэдээлж буйгаар байшин барилга, автозамд эвдрэл гэмтэл үүссэн төдийгүй 33 мянган өрх тог цахилгаангүй байна. Мөн автозамын эвдрэлийн улмаас эмч нар эмнэлэгт очиж чадахгүй буюу саатаж буй тохиолдлууд гарч байгаа аж. Үүнээс гадна Вайжима хотод газар хөдлөлтийн улмаас гал гарч барилга шатсан. Улмаар гал эргэн тойронд тархаж, 100 гаруй барилга, байшин шатжээ. Одоог хүртэл галыг унтраагаагүй байна. Түүнчлэн дөрвөн ч мужид иргэд бэртэж, гэмтсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна. Ялангуяа Ишикава мужид нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж. Тодруулбал тус мужид зургаан хүн амиа алдсан байна. Мөн хоёр ч хүн маш хүнд бэртэл авчээ. Иймд зүгээс тус мужийн хурдны замуудыг хааж, нислэгүүдийг цуцалсан юм. Мөн NHK-ийн мэдээлснээр албаныхан нэг мянган цэргийн хүчийг дайчилж, газар хөдлөлтөд өртсөн иргэдийг аварч байгаа юм байна.