Өмнөх оны амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, шинэ ондоо илүү их сайжруулсан төлөвлөгөө гарган, ирээдүйгээ гэрэлтэйгээр харж буй Хүн бүхэнд 2024 он амжилт, ололт, эерэг бүхнийг авчирсан жил байх болтугай. Ингээд 2024 онд Монгол улсад өрнөх гол үйл явдлыг тоймлон сийрүүлснээ хүргэж байна.
Төрөө түшилцэх эрхмүүдийг сонгох сонгуулийн жил
2024 онд Монголчуудын хувьд чухал бөгөөд хариуцлагатай жил ирж байна. Ингэж хэлдгийн учир нь энэ оны зургаадугаар сарын 24-нд Монголчууд бид УИХ-ын гишүүдийг сонгох сонгууль болно.
2023 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ оны УИХ-ын сонгуулиар бид 76 бус 126 гишүүнийг сонгоно. Мөн сонгуулийн мажоритар тогтолцоог өөрчлөн, холимог болгосон билээ.
УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид өмнөх шиг тойрог тус бүрээс өрсөлдөхөөс гадна 48 гишүүн намын жагсаалтаар орж ирнэ гээд ёстой л үзэж харах зүйл ихтэй сонгууль болох нь тодорхой байгаа юм.
Спортын салбарынхны үнэн хүч, эр бярыг шалгасан жил
Энэ жил дөрвөн жилд нэг удаа дэлхий нийт, спортын салбарын эв нэгдлийг эрхэмлэдэг зуны олимпын наадам болно. “Парис 2024” зуны олимпын XXXIII наадам наймдугаар сарын 02-ны өдрөөс 18-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Монголын баг тамирчдын хувьд 2008 оны Бээжингийн олимпоос хойш тасраад буй аваргын алтан медалийг авах гол зорилго тээж буй.
Одоогийн байдлаар дугуй, бокс, байт харваа, чөлөөт бөх зэрэг төрлүүдэд Парисыг зорих тийзээ аваад байгаа билээ. Бусад төрлүүдийн тамирчдыг дээр эрхийн тэмцээн, эрх авах чансаа оноо цуглуулах тэмцээн энэ онд шахуу хуваарьтайгаар хүлээж байна.
"Канвон 2024" залуучуудын өвлийн олимп энэ сарын 19-ний өдөр хөшгөө нээнэ. 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд БНСУ-ын Канвон мужид "Залуучуудын өвлийн олимп" болно. Тус наадамд Монгол улсаас дөрвөн тамирчин оролцохоор эрхээ аваад байна. Баг тамирчид бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд энэ сарын 05-ны өдөр БНСУ-ыг зорино. Дагалжуулагчаар цанын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга ажиллаж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянга болно
2024 оны нэгдүгээр сарын нэгнээс он гарснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болно.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660.0 мянган төгрөгөөр шинэчилсэн юм. 100 мянга гаруй хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг.
2024 онд 16 өдөр бүх нийтээр амарна
2024 оны бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулъя.
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.
2024 онд цагаан сарын шинийн нэгэн аргын тооллын хоёрдугаар сарын 10-ны өдөр тохиож буй тул монголчууд хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд амарна. Мөн Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг. Энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 23-ны өдөр тохиож байна.
Их Эзэн Чингис хааны өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Энэ өдөр 2024 оны арваннэгдүгээр сарын 2-нд тохиож буй.
Түүнчлэн 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндэсний их баяр наадмаар албан ёсоор зургаан хоног амардаг болжээ. Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрах юм.
"Канвон 2024" залуучуудын өвлийн IV олимпын наадам БНСУ-д болно
"Канвон 2024" залуучуудын өвлийн олимп энэ сарын 19-ний өдөр хөшгөө нээнэ. 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд БНСУ-ын Канвон мужид "Залуучуудын өвлийн олимп" болно. Тус наадамд Монгол улсаас 12 тамирчин гүйлтийн цана, уулын цана, биатлоны төрөлд оролцохоор эрхээ аваад байна. Харин гүйлтийн цанын төрөлд өрсөлдөх баг тамирчид бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд энэ сарын 05-ны өдөр БНСУ-ыг зорино. Дагалжуулагчаар цанын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга ажиллаж байна.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч ХХОАТ 1 хувь төлнө
Татварын тухай хуулиар хувиараа хөдөлмөр эрхлэгчид хувь хүний орлогын албан татварын нэг хувийг төлөх боломжтой. ХХОАТ-ын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хувь хүний орлогын албан татварын 10 хувь нэг хувь болох заалт тусгасан.
Өмнө нь байгууллага олсон орлогоосоо зардлаа хасаад үлдсэн дүнгийн 10 хувийг татварт төлдөг байсан. Тэгвэл үйл ажиллагааны орлоготой буюу хувиараа бизнес эрхэлж буй хүн орлогоосоо 10 хувийн татвар төлдөг байсныг нэг хувь болгож бууруулсан гэсэн үг. Ингэснээр зах худалдааны төв болон малчид НӨАТ-ын олгохгүй байна гэсэн асуудал буурна.
Татварын ерөнхий газрын бааз мэдээлэлд 16 наснаас дээш 2.5 сая орчим иргэнийг татвар төлөгчөөр автоматаар бүртгэгджээ.
2024 онд дэлхийн 10 улс оронд Парламентын гишүүдээ сонгох сонгууль болно
Энэ онд Монгол, Бангладеш, Энэтхэг, Орос, Европын Холбоо, АНУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Индонез, Пакистан, Тайвань, Мексик зэрэг улсуудад сонгууль болно. Тэр дундаа Азийн орнуудад болох сонгууль нэлээд өргөн хүрээтэй, далайцтай болох нь дамжиггүй гэдгийг судлаачид хэлж байна. Эдгээр улс орнуудад амьдарч буй нийт дөрвөн тэрбум хүн сонгуульд санал өгнө гэсэн үг. Тэд өөрсдийн сонголтоор улс орныхоо ирээдүйн зөв хөгжил, өнгө төрхийг өөрчлөх боломж бий.
Сар шинийн баярын Шинийн нэгний өдөр хоёрдугаар сарын 10-ны өдөр тохионо
Хөх луу жилийн сар шинийн баярын өдрүүдэд 2024 оны хоёрдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд/бямба, ням, даваа гарагт/ тохиож байна.
Хуанлийн бүтэн мөчлөг нь 60 жил байдаг тул тэмдгүүд нь жаран жилд нэг удаа давхцдаг. Ийнхүү өмнөх Ногоон модон луу жил 1964 он байсан бол энэ жил 2024, харин дараагийн жил нь мөн л 4 он буюу “2084” тоогоор төгсөх аж.
2024 онд ₮13.4 их наядаар 184 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Монгол улсын салбарын яамд, байгууллагууд, орон нутгийн захиргааны байгууллагаас 2024 онд хэрэгжүүлэхээр нийт 80.2 их наяд төгрөг бүхий 1047 төсөл, арга хэмжээний санал ирүүлснээс Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн нөөц боломжтой уялдуулан нийтдээ 13.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 8 тэргүүлэх чиглэлийн 184 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн байна.
Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 2.3 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 0.2 их наяд төгрөг, гадаадын зээлээр 1.3 их наяд төгрөг, гадаадын тусламжаар 0.5 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.5 их наяд төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 3.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.6 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгажээ.
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гол зорилгыг
найман бодлогын тэргүүлэх чиглэлээр тодорхойлжээ
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гол зорилго нь өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ажээ. Үүнд “Экспортыг нэмэгдүүлнэ”, “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ”, “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна”, “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ”, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулна”, “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулна”, “Засаглалын үзүүлэлтийг сайжруулна”, “Ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна” гэсэн 8 бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.
“Монголд зочлох жил” 2023-2025 онуудад үргэлжилнэ
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын голлох салбаруудад гол анхаарлаа хандуулж буй.
“Монголд тавтай морил” буюу “Welcome to Mongolia” аялал жуулчлалын хүрээнд өмнөх оны наймдугаар сарын сүүлийн байдлаар Монгол улсад 600814 жуулчин иржээ. Эдгээр жуулчдын 92722 нь БНСУ-аас, 165603 нь ОХУ-аас ирсэн бол БНХАУ-ын 70113 жуулчин иржээ.