"Улаанбаатарын мөнгөн шөнө" шинэ жилийн баярын тоглолт өчигдөр (2023.12.31)-нд 21:00 цагт Сүхбаатарын талбайд нижгэр боллоо.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш он солигдох мөчид нийслэлчүүд төв талбайдаа цуглаж шинэ оноо угтдаг билээ. Энэ уламжлалаар Нийслэлчүүд төв талбайг бага балчираас эхлээд бүх л насныхан дүүргэж гадаа жаврыг үл ажран шинэ оноо угтан авцгаалаа.
Төв талбайд цугласан нийслэлчүүддээ зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас "Улаанбаатарын мөнгөн шөнө" шинэ жилийн баярын тоглолтыг өргөн хүрээнд зохион байгууллаа.
Энэ жилийн баярын тоглолтод МУГЖ Д.Жаргалсайхан, Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, МУУГЗ Б.Чинбат, МУГЖ Ө.Уянга, МУГЖ Д.Отгонжаргал тэргүүтэй уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө. Ийн он солигдож, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээл, эерэг сайхан бүхнийг төлөвлөсөн 2024 он айлчлан ирлээ. Нийт Монголчууддаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.