Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсад 2023 онд мэндэлсэн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийн мэдээллийг сонирхолтой байдлаар гаргажээ. Тодруулбал өмнөх онд мэндэлсэн хүүхдүүдэд эцэг, эх нь Тэнүүн, Хангай, Ананд, Эрхэс, Түшиг, Амин-Эрдэнэ, Мишээл, Сондор, Эгшилэн, Анхилуун зэрэг нэрийг түлхүү хайрласан байна. Монголчууд шинээр мэндэлсэн хүүхэддээ нэр сонгохдоо төрсөн жил, төрсөн сар, төрсөн гариг, төрсөн цагийн билэгдлийг анхаарч үздэг сайхан уламжлалтай. Харин алдар цуутай хүмүүсийн нэрийг хүүхдэдээ өгөхөөс болгоомжлон хандаж ирсэн ажээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол Улсын хүн ам өнгөрсөн 2023 онд 3.5 сая давжээ.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд, Монгол Улсын хүн ам 1962 онд нэг саяд хүрсэн бол 1988 онд хоёр сая, 2015 онд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан билээ. Тэгвэл найман жилийн дараа 500 гаруй мянгаар хүн ам өсөөд буй нь энэ юм. Харин 2048 он гэхэд Монгол Улсын хүн ам дөрвөн сая дахь иргэнээ угтан авна гэсэн тооцоолол гаргажээ.