2024 онд дэлхий дахинд 40 гаруй сонгууль болно. Тухайлбал, нэгдүгээр сар Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулиар эхэлж, 11-р сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Эдгээр сонгуулийн үр дүн олон улсын харилцаан дахь олон үйл явдалд нөлөөлөх магадлалтай. Өнөөгийн олон улсын харилцааг бүтээж буй хоёр том тоглогч нь БНХАУ ба АНУ. 11-р сарын 15-17-ны хооронд зохион байгуулагдсан Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин нар нэг жилийн дараа уулзав. Дэлхийн чиг хандлагыг тодорхойлоход чухал хувь нэмрээ оруулж буй хоёр удирдагчийн уулзалт 4 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд тэд хоёр орны хооронд тулгамдаж буй олон асуудлуудаар ярилцаж, санал бодлоо солилцсон.
БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэвлэлийн бага хурал зохион байгуулж, уулзалтын үеэр ярилцсан зүйлсийн талаар болон хоёр орны харилцааны хэтийн төлвийн талаар мэдээлэл өгсөн. Жо Байдены хувьд уулзалт үр дүнтэй байсан гэж тодорхойлсон. Тухайлбал, БНХАУ-аас АНУ руу хяналтгүйгээр орж ирж буй фентанилын экспортыг бууруулахад талууд хамтын хичээл зүтгэл гагах, хоёр орны батлан хамгаалахын салбар дахь харилцаа холбоог эргэн сэргээх, ерөнхийлөгч нарын хоорондох харилцаа холбоо чөлөөтэй болгох гэх мэт шийдлүүдэд Жо Байден, Ши Жиньпин нар хүрсэн гэсэн юм. Харин нөгөө талд, Хоёр орны удирдагчийн уулзалт болон Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган дахь Ши Жиньпиний оролцооны талаар БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр нэн тэргүүнд, Ши Жиньпиний айлчлал энэ чуулганыг дэлхийн анхаарлын төвд аваачиж, Америк-Хятадын харилцаанд эерэгээр нөлөөлснийг онцлов. Энэ нь цаашлаад Ази Номхон далайн хамтын ажиллагаанд ч сайнаар нөлөөлнө гэдгийг тэрбээр хэлсэн юм. Энэ уулзалтаар Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин Америк, Хятад хоёр харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр суурилсан, түүнийгээ дагаад хариуцлагаа хамтдаа үүрэх нэгдсэн алсын хараатай болох хэрэгтэй гэдгийг тодотгосон. Улмаар АНУ-ын ерөнхийлөгч Балид тохиролцсон таван амлалтаа дахин бататгасан хэрэг боллоо гэж Хятадын талаас дүгнэв. Энэ таван амлалтад АНУ шинэ хүйтэн дайныг өдөөхгүй, Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрмэлзэхгүй, Хятадын эсрэг эвслийг сэргээхгүй, “Тайванийн тусгаар тогтнол”-ыг дэмжихгүй, БНХАУ-тай зөрчилдөөн үүсгэх сонирхолгүй зэрэг нь багтаж байгаа юм. Эцэст нь ажиглагч, шинжээчид Ши Жиньпин болон Жо Байден нарын уулзалтын талаар олон талт байр суурьтай байв. Хэдий тийм ч тэдний дийлэнх нь АНУ-Хятадын харилцаа тогтвортой, сайн байх нь дэлхийн эдийн засаг, цаашлаад энх тайван, хөгжил цэцэглэлтэд үлэмж хувь нэмэртэй гэдэгт санал нэгдэж байсан юм.