Өрөг.мн сайт шинэ жилийн дугаар бүр шинэ контент, нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаа бид баярын өдрүүдэд ч ажилласаар байдаг ажилчдадаа талархал илэрхийлэхийг зорьсон юм. Бидний энэ удаагийн талархал илэрхийлэхийг зорьсон хүн цагдаагийн ахлах дэслэгч П.Доржханд юм. Тэрээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2023 оны Шилдэг хэсгийн байцаагчаар тодорч шагнуулсан. Түүний ар гэрийн төлөөлөл ирсэн бөгөөд дэлгэрэнгүйг бичлэгнээс үзэх боломжтой юм.
Ханийн тань хамт ингээд ороод ирнэ гэж та төсөөлж байв уу?
Үнэхээр гэнэтийн байлаа. Ингээд ороод ирнэ гэж бодсонгүй. Өмнө нь дандаа жил болгон гэртээ хүлээж байдаг байсан. Гэнэт орж ирээд баярын өдрөө хуваалцахаар ирсэн ханьдаа их баярлаж байна.
Шилдэг хэсгийн байцаагчаар шалгарсан гэсэн. Энэ талаар та ярихгүй юу
Миний бие Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд 2021 оноос хойш Хэсгийн байцаагчаар үүрэг гүйцэтгэж байна. 2023 онд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Шилдэг хэсгийн байцаагчаар шалгарсандаа баяртай байна. Албан үүргээ гүйцэтгэж тухайн шагналыг авах хэмжээнд тусалж дэмжсэн арыг минь дааж, гэрийг минь гийгүүлсэн ханьдаа баярлалаа. Мөн зааж сургаж байсан дарга, удирдлага, хамт олондоо баярлалаа гэж хэлье.
Шинэ оноо гаргах гэж байгаа монголчуудадаа мэндчилгээ дэвшүүлээч ?
Нийт мөр зэрэгцэн алба хааж байгаа Монголын цагдаагийн алба хаагчид болон түүний ар гэрийнхэн мөн монголчуудадаа шинэ жилийн баярын мэнд хүргэе.