Нэгдүгээр сарын 8: БНХАУ гурван жил үргэлжилсэн “Тэг Ковид” хатуу бодлогоо цуцалж, хилээ нээв. Гэвч гурван жилийн дараах Хятадын эдийн засаг таамагласан хэмжээндээ ойртсонгүй. Үүгээр зогсохгүй, тус улсын үл хөдлөхийн салбар энэ жил томоохон хямралд өртөв.
Нэгдүгээр сарын 10: Хунтайж Харри “Spare” гэх номоо гаргаж, дэлхий нийтийн анхаарлыг хааны гэр бүл рүү дахин өнгийхөд хүргэв. Тэрбээр уг номондоо ах нь өөрт нь хэрхэн гар хүрч байсан, өсвөр насандаа яаж буруу замаар явж байсан гэх мэтчилсэн хөшигний цаадах олон үйл явдлыг дэлгэсэн юм.
Хоёрдугаар сарын 6: Турк болон Сири улсад 7.8 магниутын хүчтэй газар хөдлөлт болж, 60 мянган хүний амь насыг авч одсон харамсалтай үйл явдал болсон. Хэдэн мянган байшин барилга сүйдэж, олон арван мянган хүн нурангид дарагдаж, олон орны аврах багийнхан Турк улсыг зорьсон юм. Турк улсад 50 мянга гаруй хүн нас барсан бол хөрш Сирид найман мянга хүн нас барсан. Энэ газар хөдлөлт нь Турк улсад 1939 оноос хойш тохиолдсон хамгийн гамшигт үйл явдал болсон юм.
Тавдугаар сарын 6: Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс шинэ хаанаа хаан ширээнд залах ёслол болсон. Гуравдугаар Чарльз нь өдгөө 74 настай бөгөөд 1066 оноос хойш Вестминстерийн сүмд хаан ширээнд залах ёслолоо хийсэн 40 дэх хаан болсон юм. Гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд эртний уламжлалын дагуу залж байгаа нь Хатан хаан хоёрдугаар Элизабетын 70 жилийн засаглалын дараах шинэ эринийг эхлүүлж, ирээдүйг бэлгэдэж байгааг Букингемийн ордноос мэдэгдсэн.
Долоодугаар сарын 21: Алдарт найруулагч Кристофер Нолан болон Грета Гервиг нар кино урлагийн зах зээлд тэсрэлт хийх бүтээлүүдээ танилцуулав. Энэ бол “Оппенхаймер” болон “Барби”. Хоёр кино нэг сард нээлтээ хийж, аль аль нь чамгүй амжилт үзүүлсэн тул дэлхий даяар долоодугаар сарыг “Барбенхаймер” сар гэж нэрлэж байсан юм. Барби кино нь бүх цаг үеийн хамгийн их орлого олсон 25 киноны нэгт бичигдэж чадсан бол Оппенхаймер нь хамгийн их орлого олсон намтарчилсан бүтээл болсон билээ.
Аравдугаар сарын 7: Орос, Украины дайныг дэлхий нийт хоёр дахь жилдээ үзлээ. Гэвч үүний зэрэгцээ олон улс дахин нэг дайныг гэрчлэв. Энэ бол Израил болон Палестины Хамас бүлэглэлийн дайн. Израилын нийслэл Тел Авивын бүс нутаг руу Палестины “Хамас” бүлэглэл Аравдугаар сарын 7-ны өдөр гэнэтийн дайралт хийв. Энэхүү Хамас бүлэглэл нь Израилын оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй Арабуудын үзэл санааг залгамжлагчид юм. Тэдний дайралтын улмаас Израилын 1400 иргэн амь насаа алдаж, 250 иргэн барьцаалагдсан. Үүний хариуд Израилын ерөнхий сайд Биньямин Нетаняху “дайны бэлэн байдал”-д орсон гэдгээ зарлаж зөвхөн Хамасыг онилно гэж мэдэгдсэнээр Ойрх Дорнодод дайн эхэлсэн. Одоогийн байдлаар 7000 гаруй Хамас бүлэглэлийн байлдагчдыг устгасан бөгөөд Хамас бүлэглэлийг газрын хөрснөөс арчихад тун ойрхон байна гэж Израилын засгийн газраас мэдээлж байна. Гэвч Израилын Хамас бүлэглэлийг устгах гэсэн дайралтуудад олон мянган жирийн Палестин иргэд өртөж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Газын зурваст 20 мянга гаруй жирийн Палестин иргэд амь үрэгдсэн байна.
Арваннэгдүгээр сарын 15: 11-р сарын 15-17-ы хооронд зохион байгуулагдсан Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин нар нэг жилийн дараа уулзав. Дэлхийн чиг хандлагыг тодорхойлоход чухал хувь нэмрээ оруулж буй хоёр удирдагчийн уулзалт 4 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд тэд хоёр орны хооронд тулгамдаж буй олон асуудлуудаар ярилцаж, санал бодлоо солилцсон.