“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн шинэ жилийн тусгай дугаартаа Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн ахлагч, ОУХМ, Фиба “Онцлох тоглогч” Д.Дэлгэрнямыг зочноор урилаа.
Тэрээр өдгөө сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Улаанбаатар ММС Энержи” багт тоглодог бөгөөд багийнхаа хамтаар 2023 онд амжилтаар дүүрэн үдэж байна.
3х3 сагсан бөмбөгийн хувьд ялалт, амжилтандаа хэзээд эзэн нь байсаар ирсэн. 2023 оны эхэнд болсон Азийн аваргадаа түрүүлж, аваргын цомоо өргөсөн билээ. "Бөртэ Чоно 2023" наадмын энэ оны шилдэг баг 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ эрэгтэй шигшээ баг Шанхайн мастерст "Улаанбаатар ММС Энержи" баг түрүүлж, түүхэн түрүүгээ хүртсэн гэдгийг энд онцлоё. Тэд энэ онд Азийн аварга шалгаруулахын тэмцээнээс алт, "Шанхайн Их дуулга" алт, “FIBA Ulaanbaatar Challenger” тэмцээниймөнгөн медаль, "FIBA Suntory Shanghai Challenger" тэмцээний мөнгөн медаль, "FIBA Wuxi Challenger" тэмцээний мөнгөн медаль, "FIBA Ulaanbaatar Super Quest" тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтуудыг үзүүлэв.
ФИБА-ГААС 2023 ОНЫ “ОНЦЛОХ ТОГЛОГЧ”-ИЙН НЭГЭЭР Д.ДЭЛГЭРНЯМЫГ НЭРЛЭВ
Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан өөрт тань баярлалаа. Ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлье. Амжилт, ялалтаар дүүрэн байсан танай багийн хамт олонд баяр хүргэе.
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн ахлагч, ОУХМ Д.Дэлгэрням
Маш их баярлалаа. Энэ онд бид амжилт, ялалтаа ихтэй өнгөрүүлж ийнхүү шинэ оноо угтан авахаар энэ цэгт ирээд байна. 2023 онд бид зорьсон зорилгоо биелүүлж чадсан. Одоо харин ирэх жил илүү үүрэг, өндөр хариуцлагатай жил ирж байна. Учир нь “Парис 2024” зуны олимп хэдийнээ хаяанд иржээ. Иймээс биднийг шинэ онд олимпын эрх авах, чансаагаа ахиулах маш олон тэмцээн хүлээж байгаа. Бид ирэх ондоо маш их шахуу хуваарьтай байна. Биднийг үргэлж хөгжөөн дэмждэг, тусалж урам дэм өгдөг бүх Монголчууддаа маш их баярлаж байгаагаа дуулгая. Айлчлан ирж буй шинэ оны мэндийг бүгдэд нь дэвшүүлье.
Таны хувьд анхлан дугуйн спортоор хичээллэдэг байхдаа өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван ч удаа түрүүлж байсан амжилттай. Яаж яваад сагсан бөмбөгийн спорт руу ороод энэ зам дээр зогсож буй дурсамжаасаа хуваалцана уу?
Д.ДЭЛГЭРНЯМ ДУГУЙН СПОРТООР ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ГУРВАН УДААГИЙН “УЛСЫН АВАРГА” БОЛЖ БАЙВ
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн ахлагч, ОУХМ Д.Дэлгэрням
Анх дугуйн спортыг маш их сонирхон тууштай хичээллэдэг байлаа. Дугуйн спорт бол дотроо их олон төрөл. Уулын дугуй, засмал замын гэх мэт мөн дотроо бөөн гараатай, цуваа гараатай гээд төрөл төрлөөр хуваагддаг. Гэсэн ч мөн л багийн спорт байлаа. Хойд хөршид найз нөхөд багийнхантайгаа тэмцээн уралдаанд ч оролцож явлаа. Нэг дугуйчны ар талд бүхэл бүтэн баг л ажиллаж байдаг. Бид багаараа ярилцаад л уралдааны замд нэгнээ дэмжээд явдаг байв. Дугуйн спорт их гоё л доо. Би сүүлдээ дээшээ өсөөд надад таарах дугуй ч олдохоо байсан/инээв/. Би өөрөө их чац урттай, унаж байгаа дугуйгаа тэсгээдэггүй л байлаа. Ингээд хэсэг ах нар, найз нөхөд намайг анхлан сагсан бөмбөгийн спорт руу татаж оруулсан даа. Анхны тэмцээн өрсөлдөөн гэвэл тухайн үед зохиогдож байсан сагсан бөмбөгийн “Спрайт лиг” байсан юм. Үүний дараа 2011 онд ШУТИС-ийн IV дамжааны оюутан байхдаа анх Үндэсний шигшээ багт дуудагдаж байлаа.
Таны аав бөхийн спортоор хичээллүүлэх сонирхолтой байсан гэж сонссон. Ингээд эцэст нь спортын гурван төрлөөс сагсан бөмбөгийг сонгосон нь маш зөв шийдвэр байж, магад зөв зам дээрээ зогсож буй нь энэ байх?
ЦЭРГИЙН ГЭР БҮЛИЙН УУГАН ХҮҮ БАГА НАСАА МОНГОЛ АХУЙТАЙ ОЙРХОН ӨНГӨРҮҮЛЖЭЭ
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн ахлагч, ОУХМ Д.Дэлгэрням
Би Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. Аав маань ОХУ-ын Одесса хотод цэргийн танкист мэргэжлээр суралцаж төгсөөд Өвөрхангайдаа буцаж очоод ээжтэй минь танилцаж гэр бүл болоод намайг 1990 онд төрүүлсэн юм билээ. Тухайн үед аймгийн цэргийн ангийг танк, техник хэрэгсэлтэй, боловсон хүчинтэй нь Төв аймаг руу нүүлгэн шилжүүлж миний бага насны амьдрал Зуунмод суманд цэргийн армид мөн танкууд дунд л өнгөрсөн. Ээж минь багш хүн. Намайг ямар ч спортын төрлөөр хичээллэсэн, ямар ч зүйлийг анхлан санаачилж байсан аав, ээж хоёр маань тэр бүрт маш их дэмждэг, дэмжсээр ирсэн сайхан хүмүүс бий. Аавд маань аавын найзууд, нутгийн хүмүүс Дэлгэрням ийм өндөр биетэй, бөх болговол ирээдүйтэй, чац урттай хүн бөхөд л яг тохирно. Чи хүүгээ бөхөөр хичээллүүлээч гээд бараг бүгд л ярьж хэлж байсан. Ингээд 12 настайдаа анх үндэсний бөхийн аймгийн АШТ-д зодоглохдоо нийт 15 барилдаж, лав 14 удаа унасан. Яагаад ч юм барилдаж буй бөх намайг даваад л би дээшээ харж уначихаад байсан юм. Нэг удаа давсан. Яасан гэхээр өрсөлдөгч бөх маань ирээгүй тул надад нэг даваа өгсөн/инээв/ Үүнээс хойш би бөхийн спортод огт тохирохгүй хүн байна гээд ахиж бөхийн заал руу зүглээгүй юм/инээв/
Танай “Улаанбаатар ММС Энержи” баг 2023 онд Австралийн ноёрхолыг зогсоож Ази тивийн аваргын цом өргөлөө. Мөн “Шанхайн Их Дуулга”-д аваргалж, түүхэн түрүүгээ хүртлээ. ФИБА-гаас сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Оны онцлох тоглогч”-ийн нэгээр таныг нэрлэжээ. Баяр хүргэе.
АВСТРАЛИЙН НОЁРХЛЫГ ЗОГСООЖ “АЗИ ТИВИЙН АВАРГЫН ЦОМ ӨРГӨСӨН” ТҮҮХЭН АМЖИЛТЫН ЭЗЭД
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн ахлагч, ОУХМ Д.Дэлгэрням
Баярлалаа. Би энэ багтаа 2019 оноос тоглож эхэлсэн. Төдийгөөс өдий хүртэл бид маш их цаг хугацаа, хөдөлмөр зүтгэл, тэсвэр тэвчээр, олон өдөр сарын уйгагүй тууштай бэлтгэл сургуулилт хийсний үр дүн маш сайхан гарсан. Багийнхан маань ч нэгнээ гэсэн зөв сэтгэлтэй хүмүүсээр бүрдэж чадсан. Багийнхандаа бүгдэд нь маш их баярлаж явдаг гэдгээ хэлмээр байна. Манай багийн Стив байна. Бид түүнээс маш их зүйл сурч мэдэж авч байгаа. Өдгөө тэрээр 41 настай ч мэргэжлийн тамирчин хүн хэрхэн яаж бэлтгэлээ хийх, хэрхэн тухайн тэмцээн болох газар орны цаг агаар, цагийн бүсчлэлтэй дасан зохицох, тоглолтын талбайд биеэ яаж зөв удирдах, сэтгэл зүйгээ хэрхэн зөв залж чиглүүлэх гээд бид Стивээсээ маш их зүйлийг суралцаж яваа.
Мөн мэдээж өрсөлдөөний талбар дээр ганцхан баг, ганцхан тамирчин харагдаж буй боловч бидний ар талд бүхэл бүтэн том өргөн баг байж байдаг. Монголын сагсан бөмбөгийн удирдлагууд Г.Батцэнгэл захирал, баг хамт олон, 3х3 холбооны удирдлага Л.Мягмаржав захирал хамт олон, мөн холбооны генсек М.Төгсжаргал, Д.Лхагва-Очир ах, сагсан бөмбөгийн комиссар Мөнхчулуун, холбооны арын албаны бүх залуус, дүү нар, “Бишрэлт Металл” багийн эзэн Д.Буян-Өлзий ах түүний гэр бүл, хайртай гэргий болон үр хүүхдүүддээ мөн бидний гэр бүл, аав ээж нар, хилийн чанадад үргэлж биднийг тосон хүлээж авч бэлтгэл хийх нөхцөл боломжоор хангах, бүхийл цаг үеүдэд дэмжиж тусалдаг бүх л хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Та нарын хүч дэмжлэгээр бид өдгөө энэ амжилтанд хүрсэн явж байгаа гэж хэлье.
Малчны хотноос ирээдүйн мэргэжлийн сагсан бөмбөгчин төрөн гарчээ. Таны хувьд чөлөөт цагаараа адуу мал дээрээ, хөдөө цэнгэг агаарт аав, ээжтэйгээ өнгөрүүлдэг байх?
МАЛЧНЫ ХОТНООС МЭРГЭЖЛИЙН САГСАН БӨМБӨГЧИН БОЛОВ
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн ахлагч, ОУХМ Д.Дэлгэрням
Тийм. Манай аав, ээжийн талынхан бүгд л малчин улсууд. Тэднээсээ бид малч ухаан, сайхан монгол ахуйг өвлөн авсан. Би чөлөөт цагаараа зав л гарвал хөдөөг зорьж, аав ээж дээрээ очоод адуу малаа адгуулаад хийморио сайхан сэргээх дуртай. Бага байхад ээж багш байсан болохоор цэцэрлэгт байхаасаа л нэг модон хувин чирчихээд ээжийг эзгүйд ямаа саадаг байлаа. Одоо бол шаггүй сайн саальчин/инээв/. Ер нь одоо үеийн хүүхдүүд цэвэр цэнгэг агаарт адуу малтай ноцолдоод, монгол ахуйтайгаа ойр байвал ёстой жинхэнэ эрүүл чийрэг хүн болж өснө дөө гэж боддог. Би адуу малтай багаасаа л ноцолддог байсан болоод тэр үү спортоор хичээллэхэд энэ нь их үр өгөөжөө өгсөн гэж бодож явдаг. Хөдөөний амьдрал ахуй өдөр бүр нэг ажлаа давтаж хийдэг ч үнэхээр хүнийг хөгжүүлж чаддаг. Ялангуяа гар хурууны ажиллагааг маш сайн шаарддаг шүү дээ. Миний бодлоор гар хуруу сайн ажиллавал тархи дагаад өндөр хэмжээнд маш сайн ажиллаж хөгжиж байдаг гэж боддог. Хөдөө олс, дээс, зангидсан ногтны зангилаа тайлах ч ээ дээ мөн ч гар хуруунаас их ур ухаан шаардах чанга ажил шүү. Ингэж байж л бид гар хуруу, үе мөч чангатай, бие эрүүл чийрэг болж өссөн байх. Би эхээс хоёулаа, доороо нэг сайхан дүүтэй хүн.
Таны хувьд сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр олон улсад тоглосон анхдагчдын нэг. Мөн дэлхийн чансаанд хувийн үзүүлэлтээрээ 29-т эрэмбэлэгддэг. Сагсан бөмбөгийн спортоос мэдэрдэг тэр мэдрэмж, тэр кайфыг нэг үгээр илэрхийлнэ үү?
Д.ДЭЛГЭРНЯМ: БИ САГСАН БӨМБӨГИЙН СПОРТООС “СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ АВДАГ”
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн ахлагч, ОУХМ Д.Дэлгэрням
Эхлээд сагсан бөмбөгийн миний хобби байлаа. Одоо харин сагсан бөмбөг “Миний ажил” болсон. Би энэ спортоос “сэтгэл ханамжийг дээд цэгт нь тултал авдаг”. Яг талбай дээр гараад бид багаараа өрсөлдөгчөө хожиж буулгаж авлаа. Зорьсон зорилгоо биелүүллээ. Энэ л надад маш гоё сэтгэл ханамжийг өгдөг.
Таны хувьд сэтгэлд хамгийн тод дурсамж үлдээсэн тэмцээний тухай?
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн ахлагч, ОУХМ Д.Дэлгэрням
Бид 2018 онд Ази тивийн аваргад өрсөлдөгч багаа хожиж яваад, хожигдоод мөнгөн медаль авч байсан. Тэр тэмцээнд бид яалт ч үгүй алтан медаль авах боломж бүрэн байсан. Тэгээд мөнгөн медаль авчихаад бүгдээрээ сэтгэлээр маш их унасан. Тэгтэл ФИБА-гийн ажилтнууд, эргэн тойронд буй хүмүүс бүгд л та нар сайн байлаа. Зүгээрээ, дараа жил Ази тивийн аваргадаа заавал алт авнаа гэж хэлж урамшуулж байлаа. Гэтэл нээрээ л юм бүхэн ээлжтэй гэдгээр бид энэ жил “Австралийн ноёрхлыг зогсоож” чадсанаар ёстой л Ази тивийн аварга болж чадсан даа. Маш их баяртай, сэтгэл өндөр байгаа.
Өөрийг тань өрсөлдөөний талбайд хүчирхэг, ухаалаг тоглолтоороо цойлж эхэлсэн гэдгийг сагсан бөмбөгийн фэнүүдийн дунд яригддаг. Иймдээ ч “Монстер Дэк” гэдэг нэрийг авсан байх. Энэ тухайгаа сонирхуулаач?
“THE BULL” Д.ДЭЛГЭРНЯМЫГ “ХҮЧИРХЭГ БӨГӨӨД УХААЛАГ” ТОГЛОДОГ ГЭДГЭЭР НЬ ФЭНҮҮД АНДАХГҮЙ
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн ахлагч, ОУХМ Д.Дэлгэрням
Эхлээд “Монстер Дэк” гэдэг байлаа. Одоо бол “The Bull” гэдэг болсон байналээ/инээв/ Анх 3х3 төрлийн ФИБА-гийн тэмцээнийг youtube-ээр тайлбарладаг Mr.Voice намайг “Mongolian Monster” хэмээн ярьж, тодорхойлсон байдаг юм.
Ярилцсанд баярлалаа. Шинэ жилийн мэндийг танд болон багийнханд нь хүргэе. 2024 ондоо Парисыг зорих эрхээ амжилттай авч, зуны оимпод сагсан бөмбөгийн дэмжигч фэнүүд, хөгжөөн дэмжигчид, Монголчууддаа гайхалтай тоглолт, том амжилтыг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн ахлагч, ОУХМ Д.Дэлгэрням
Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танай ажлын хамт олонд баярлалаа. Нийт Монголчууддаа, биднийг үргэлж дэмжиж, урам дэм өгдөг фэнүүдээ дахин баярлалаа. Бүгдэд нь шинэ оны мэндийг дахин дэвшүүлье. Хүн бүр эрүүл энх, айл өрх бүр элэг бүтэн байх болтугай хэмээн ерөөе.