Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрч, улсын хэмжээнд 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “Шилэн зуд” нүүрлээд байгааг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Мөн нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтож, 70 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна.
Энэ жил улсын хэмжээнд нийт 190 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн ч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгджээ.
Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг сумын хувьд зундаа гандуу, өвс ургамлын гарц муу байсан. Нийт малчин өрхийн 90 гаруй хувь нь Заг, Жаргалант, Хүрээ марал зэрэг зэргэлдээ сумын нутагт оторлож байгаа аж. Намрын сүүл сараар орсон цас бүрэн хайлж амжаагүй хүйтэрч, шинэ цас орсноос мөсөн бүрхүүл тогтож, мал идэх өвсгүй болоод байгааг сумын удирдлагууд хэлэв.
Монгол Улсын мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 8.9 их наяд төгрөг байгаа ч мал сүргийн ашиг шимийн бууралт, мөн боломжит нөөцийг ашиглаж чадахгүй байгаагаас шалтгаалж үүнийг 2.5-3 дахин нэмэгдүүлэх боломжоо алдаж байгааг судлаачид тооцсон.
Энэ боломжийг бий болгох, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгчээс-борлуулагч-нэмүү өртөг бүтээгч-ашгаа өөрсдөө хүртэгч малчин өрхүүдийн системд шилжүүлэхэд уг холбооны гол зорилго оршино гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлжээ. Тэрбээр өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байгаа аж.