Орос, Украины дайн энэ жил хоёр дахь жилдээ үргэлжилж, зүүн Европ дахь байлдаан сунжирч буй. Дайн сунжрах тусам байлдааны талбарт амь үрэгдэж буй цэргүүдийн тоо статистик болсоор… Украины тал барууны холбоотнуудтай харилцаагаа хадгалах чухал даалгавартай тулгарсан бол ОХУ дотооддоо хэд хэдэн асуудалд давхар анхаарах шаардлагатай болсон юм.
Энэ он Украины хувьд барууны дэвшилтэт зэвсгийн тусламжтайгаар эхэлсэн. Украины армид өөрийгөө хамгаалахад орчин үеийн хүчтэй зэвсэг юу юунаас илүү чухал байсан. Улмаар 1-р сард Герман улс Украинд Леопард танкууд илгээснээр НАТО болон бусад холбоотнууд энэ талаар бодолцоход хүргэсэн юм. Гэлээ ч Украин шинэ зэвсгээ бүрэн ашиглаж чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр байв. Үүнтэй зэрэгцэн ОХУ Беларусьтай харицлаагаа эрчимжүүлж, хамтарсан цэргийн сургуулилтуудыг хийж эхэллээ. Талууд оны эхээр хамтрагч, холбоотнуудтайгаа харилцаа бэхжүүлэхэд анхаарч эхэлсэн юм. Харин 3-р сард Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон тус улсын хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар М.Львова-Беловаг баривчлах шийдвэр гаргасан. Хэдий ОХУ тус байгууллагын гишүүн орон тул шийдвэр шууд үйлчлэхгүй ч дэлхийн олон оронд очих боломжгүй байдалд хүргэсэн юм. Үүний хажуугаар Украины эрх баригчдын дунд авлига, хээл хахуулийн асуудал дэгдэж, батлан хамгаалах сайдаа солих хүртэл арга хэмжээ авсан байдаг.
Байлдааны талбар: Оны ихэнх хугацаанд талуудын байлдаан голлон Бахмут хотод төвлөрөв. Нэн ялангуяа, ОХУ-ын талаас хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэлийн дайчид энэ бүс нутагт тулалдсан. Вагнер бүлэглэлийн тэргүүн Е.Пригожин ОХУ-ын батлан хамгаалахын сайд С.Шойгу, цаашлаад тус улсын ерөнхийлөгч В.Путинтэй дайны тухайд харилцаа холбоо сайн байж чадаагүй. Улмаар 6-р сард Пригожин болон түүний Вагнер бүлэглэл ОХУ-ын нийслэлд эрх баригчдынх нь эсрэг бослого өдөөсөн боловч 24 цаг ч үргэлжлээгүй юм. Гэхдээ энэ бослого В.Путиныг гадаадад төдийгүй дотооддоо эсэргүүцэлтэй ихээхэн тулгарч буйг нотолсон гэж шинжээчид үзэж байлаа. Энэ явдлаас хойш удалгүй Е.Пригожины сууж явсан онгоц осолдож, тэрбээр нас барсан. Харин энэ үед Украины арми сөрөг довтолгоогоо ОХУ-ын армийн эсрэг хийж эхлэв. Өвөл ойртох тусам Украины армийн сөрөг довтолгоо хүйтний эрчийг давж чадах эсэх нь барууны холбоотнуудын санааг зовоож эхэлсэн. Талуудын байлдаан одоо ч Украины зүүн бүс нутагт голлон төвлөрсөөр байгаа бөгөөд ОХУ-ын арми Украины иргэний дэд бүтцийг онилсоор буй. Дайнаас болж Украины нэг тосгон хүртэл бүрэн устсан ч энэ мэтчилэн эндэгдэгсдийн мэдээлэл дараагийн дайнаас болж дарагдаж эхэлсэн юм.
Орос, Украины дайныг дэлхий нийт хоёр дахь жилдээ үзлээ. Гэвч үүний зэрэгцээ олон улс дахин нэг дайныг гэрчлэв. Энэ бол Израил болон Палестины Хамас бүлэглэлийн дайн. 10-р сарын 7 -ноос хойш өдийг хүртэл Монгол улсаас 4345 дахин жижиг хэмжээтэй газын зурвас гэх газарт 2.3 сая хүн тог ч гүй ус ч үгүй үхэл, амьдралын зааг дээр хүнд нөхцөл байдалтай байна. ТЕКСТ: Израилын нийслэл Тел Авивын бүс нутаг руу Палестины “Хамас” бүлэглэл 10-р сарын 7-ы өдөр гэнэтийн дайралт хийв. Энэхүү Хамас бүлэглэл нь Израилын оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй Арабуудын үзэл санааг залгамжлагчид юм. Тэдний дайралтын улмаас Израилын 1400 иргэн амь насаа алдаж, 250 иргэн барьцаалагдсан. Үүний хариуд Израилын ерөнхий сайд Биньямин Нетаняху “дайны бэлэн байдал”-д орсон гэдгээ зарлаж зөвхөн Хамасыг онилно гэж мэдэгдсэнээр Ойрх Дорнодод дайн эхэлсэн. Үүнээс хойш Израил улс Газын зурвасыг бүрэн бүслэлтэд авч бүхий л хангамжийг тасалж, хүчтэй дайралтуудыг хийсээр байгаа. Анхандаа Израилын батлан хамгаалахаас Газын зурвасыг урд болон хойд гэж хоёр хувааж, зөвхөн хойд хэсэг рүү дайралт хийх тул энгийн иргэдийг урд хэсэг нүүхийг зөвлөсөн юм. Гэвч 10-р сарын 25-наас эхлэн Израилын цэргүүд Газын зурвасын бүхий л хэсэгт эрчимтэй дайралтуудыг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 7000 гаруй Хамас бүлэглэлийн байлдагчдыг устгасан бөгөөд Хамас бүлэглэлийг газрын хөрснөөс арчихад тун ойрхон байна гэж Израилын засгийн газраас мэдээлж байна. Гэвч Израилын Хамас бүлэглэлийг устгах гэсэн дайралтуудад олон мянган жирийн Палестин иргэд өртөж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Газын зурваст 20 мянга гаруй жирийн Палестин иргэд амь үрэгдэээд байна. Дэлхийн 1-р дайнаас хойш Израил, Палестины хооронд олон удаа зэвсэгт мөргөлдөөн тохиож байсан ч ийм их хэмжээгээр жирийн иргэд амь үрэгдэж байсан удаагүй юм. Байлдаанд өртөлгүй, амьд үлдсэн ч орон гэрээсээ дүрвэхэд хүрсэн Палестинчуудын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа. Эцсийн бүлэгт “Израил, Хамасын мөргөлдөөний хохирогчид Израил, Палистены жирийн иргэд” болоод байгааг НҮБ-аас анхааруулж байна. Израилын засгийн газрыг тооцоолол бодлоготойгоор Газын зурвас руу дайралт хийхийг, энгийн иргэдэд учрах гарз хохирлыг бодолцож хөдлөхийг АНУ тэргүүтэй холбоотнууд нь шаардаж эхлээд байна. Мөн сүүлийн үед Газын зурваст өрнөж энэхүү дайн цар хүрээ нэмэгдэх эрсдэл үүсээд байна. Тодруулбал, Хути гэх Йемений зэвсэгт бүлэглэл “Израилчуудад хөнөөгдөж буй палестинчуудын өшөөг авна” хэмээн Улаан тэнгисээр Израилыг чиглэн явж буй бүхий л хөлөг онгоцууд руу дайрч, заримыг нь барьцаалж эхлээд байгаа юм. Үүний улмаас Улаан тэнгис болон Адены булангийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах олон улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа АНУ-ын санаачлагатайгаар эхлээд буй. Уг улсын хамтын ажиллагаанд Их Британи, Итали, Нидерланд, Бахрейн, Канад, Франц, Норвеги зэрэг орнууд багтаж байгаа. Энэ нь Израил, Хамас бүлэглэлийн дайны цар хүрээ нэмэгдэж буйн тод жишээ болж байгаа юм.