МУ-ын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөртэй 128 бөхийн барилдаан үзүүштэй, уран барилдаанаар дүүрэн болж өндөрлөв. Түүхт ойн өдөрт зориулсан 12 дахь удаагийн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарди Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр тэргүүтэй хүчит 128 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.
Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Нью Майнд" групп, "Булганхан" дэвжээний бөх, улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан түрүүлж, анх удаагаа Ерөнхийлөгчийн цомыг гардсан бол Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Нью Прогресс ХХК, Хос Алтайн Хүчтэн ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган Өгөөж” ХХК, “Валькн групп”, “Нэгдэл” клуб, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Г.Ганхуяг нар шалгарлаа.
Наймд улсын заан Н.Жаргалбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар үлдэв.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөрт зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдааны үзүүр, түрүүг авч байсан бөхчүүд:
- 2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв.
- 2012 оны барилдаанд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэв.
- 2013 оны цомын төлөөх барилдаанд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв.
- 2014 оны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардсан юм. Энэ барилдаанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв.
- 2015 оны барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд Улсын начин цолтой түрүүлж байв. Тус барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн юм.
- 2016 оны барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв. Уг барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байлаа.
- 2017 оны барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спортын хорооны бөх, Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэж байв.
- 2018 оны барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэж байв.
- 2019 оны барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Алдар” спортын хороо, Зэвсэгт хүчний 350-р ангийн бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спортын хороо, Говийн хүчтэн бөхийн дэвжээний бөх улсын начин Ц.Одбаяр үзүүрлэж байжээ.
- 2021 оны барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Алдар” спортын хороо, Зэвсэгт хүчний 350-р ангийн бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймаг Цэнхэр сумын харьяат "Алдар" спорт хороо, "Бөх билэгт дэвжээ"-ний бөх, Улсын гарди М.Бадарч үзүүрлэв. Б.Бат-Өлзий "Ерөнхийлөгчийн цом"-ын барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлснээр Ерөнхийлөгчийн шилжин явах цомыг үүрд хадгалах эрхтэй болсон юм.