Гашуун яриа нэвтрүүлгийн онцлох зочин С.Энхчимэг нь 2015 оноос хойш хавдарын өвчлөлтэй тэмцэж, 14 химийн эмчилгээг шүд зуун давсаны эцэст эрүүл саруул болж чадсан хүчирхэг эмэгтэй юм. Олон эмч түүнийг гайхан биширч, “ГАЙХАМШИГ” гэж тодорхойлох болжээ. Сувилагч мэргэжилтэй түүнд мэдээж шантрах, гутрах үе олон тохиосон. Гэсэн ч өвдөх үед ганцаараа зовдоггүйг анзаарч харсан тэр, гэр бүл хайртай хүмүүсийнхээ төлөө тэвчихийг, хүчтэй байхыг, амьд үлдэхийг хичээсээр ӨВЧНӨӨ ДИЙЛЖЭЭ
НАЙДВАРГҮЙ ГЭХ ЭМЧ НАРЫН ҮГИЙГ СОНСООД ХЭСЭГ ХУГАЦААНД “ХЭВТРИЙН ХҮН” БОЛСОН
-Танд шинэ оны мэнд дэвшүүлье. Магадгүй 2023 он таны хувьд өвчнөө давж дийлсэн, шинэ эхлэл байсан болов уу гэж санана. Энэ оноо хэрхэн үдэх гэж байна вэ?
Сайн байна уу? Шинэ оны мэнд. Би Энхчимэг байна. Нөхөр, дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг. 2023 он бол миний шинэ эхлэл, шинэ үе байсан. Та сайхан онож хэллээ. Баярлалаа. Би 2015 онд ясны хавдраар өвдсөн юм. Яг жил тойроод ирэхэд хавдар уушги руу үсэрхийлсэн. Цас орсон юм шиг л миний уушгин дээр маш олон хавдар үсэрхийлсэн байсан. Тэр үед ясны хавдар ч дахичихсан хүндхэн даваатай би нүүр тулсан даа.
Эмч нар тэр үед, “Таны өвчин бол ховор тохиолдол. Манайд гарч байгаагүй. Дэлхий дээр таны өвчинд тохирсон химийн эмчилгээ байхгүй. Гэсэн ч явж болох хамгийн хурднаараа гадагшаа яв” гэж зөвлөсөн юм. Ингээд бид боломжоороо Хятад руу явсан. Хятад томоохон хавдар судлалын төвийн эмч нар “Эхлээд хөлөө эмчилчих, үүний дараа уушгинд чинь химийн эмчилгээ хийе. Гэхдээ ямар нэгэн найдвар байхгүй” гэх мэдээг бидэнд дуулгасан. Найдваргүй гээд… Ингээд л бид монгол руугаа буцаад ирсэн. Эмчилгээ байхгүй юм чинь гээд, би яг хоёр сар хэвтсэн. Хэвтрийн хүн шиг…Гэртээ ээжийнхээ эгчээр харуулаад л. Нэг өдөр зүгээр босъё гэх бодол ороод ирлээ. “Энхчимэг ээ яг одоо бос. Хэвтээд байх юм бол хэвтээд л байх юм байна” гэж бодоод шууд гэрээсээ гарсан.
ХОЁР ХӨЛӨӨРӨӨ ШАТААР ГАРСАН МААНЬ МИНИЙ АМЬДРАЛЫН МАРТАГДАШГҮЙ САЙХАН МӨЧ БАЙЛАА
Ингээд Отгонбаяр эмчтэйгээ уулзсан чинь, “Танд мэс засал хийж болно. Таны чөмөгт ясыг 1/3-ээр нь тайраад, ган үе хийж хэвийн болгож болно оо. Гэхдээ энэ хагалгааг дөрвөн хүнд хийсэн байгаа. Та тав дахь нь гэх баяртай гэх үү, айдастай гэх үү мэдээг дуулгасан юм. Үе солиулах боломжгүй гээд бодсон байсан хүн чинь боломж гарангуут нь маш их баярлаж хүлээж авсан. Тэр дорхноо л “Тэгье тэгье” гээд хөөрөх нь холгүй эмчийн өрөөнөөс гарч байлаа. Үеэ солиулсны дараа уушгиа эмчлүүлэх боломж гарах байлгүй дээ гээд итгэсэн хэрэг. Дахиад нэг арга хайя аа гээд л бодсон.
-Хагалгаандаа хэзээ орсон бэ?
-Ингээд 2017 онд үе солих хагалгаанд орж байсан даа. Алтан гартай эмч нарынхаа буянд сайхан хөлтэй болоод л гарч ирсэн. Дараа нь хоёр хөлөөрөө шатаар өгсөж чадахгүй байсан учраас фитнест явъя гээд шийдсэн. Нэг хөлөө чирж явдаг байсан юм л даа. Яг нэг жил фитнест яваад, зургаан сарын дараа хоёр хөлөөрөө шат руу гардаг болсон. Тэр өдөр миний хамгийн жаргалтай өдөр байсан. Хоёр хөлөөрөө шатаар гарсан юм шүү дээ. Фитнесийнхээ багшдаа баярлалаа гээд л тэврэлдээд, хоёулаа бараг баяр тэмдэглэж байгаа юм шиг болж байлаа. Тэр хүн намайг хөтлөөд уул руу гардаг байсан. Би тэр багшид маш их баярладаг. Тийм хүн олдохгүй шүү дээ.
2018 ОН… ДАХИАД Л ТЭНГЭР ХӨМРӨХ ШИГ БОЛЖ ХАВДАР ҮСЭРХИЙЛСЭН МЭДЭЭ ДУУЛСАН
Ингээд “уушгиа яах вэ” гэх асуудал үлдсэн юм. 2015 онд ясны хавдартай болоод, 2016 онд уушги руу үсэрхийлсэн. Эхнээсээ асуудлаа шийдэж байтал дахиад л тэнгэр хөмрөх шиг болсон. 2018 онд баруун талын 9,10 дугаар хавирга, зүүн талын 9,11 дүгээр хавирга руу хавдар үсэрхийлсэн гэх муу мэдээг сонссон юм. Мөн өвчүүний мөгөөрс хэсэг рүү хавдар үсэрхийлсэн байв аа. Тэгэхэд ХСҮТ-ийн Ариунаа эмч надтай уулзаад, “Би чиний хамаатан биш. Гэхдээ чи залуу хүн байна. Эмч нь ном харъя, үзье. Чи над дээр долоо хоноод хүрээд ир. Тэгээд хоёулаа уулзъя. Тэр үед чи химийн эмчилгээ хийлгэнэ гэвэл хийж болно. Гэхдээ эмч нь чамд найдвартай гэж хэлэхгүй. Чиний хавдар эмчлэгдэнэ гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл энэ ховор тохиолдол. Дээрээс нь үсэрхийлэл ихтэй. Чи миний анхны тохиолдол” гэж хэлж байгаа юм.
Ингээд долоо хоногоо тэсэж ядан байж яваад очиход, “химийн эмчилгээ хийгээд үзье. Гэхдээ нэлээн чанга шүү, амар зүйл биш” гээд анхааруулсан. Тэгээд л үс мулзардгаараа мулзарч, сэтгэл санаагаар унаад л их хэцүү өдрүүд үргэлжилсэн дээ.
БИ ГАНЦААРАА ӨВДДӨГГҮЙГ АНЗААРЧ ТЭВЧИХ ХҮЧ ОРСОН ЮМ
-Ар гэрийнхэн нь мөн л тан шиг амаргүй өдрүүдийг туулж ээ дээ?
-Гэртээ очихоор хэнийх нь ч дуу гарахгүй. Би, “Бүгдээрээ чимээгүй бай. Та нар дуугүй бай” гээд л ундуйцна. Анх орж байгаа болохоор мэдэхгүй шүү дээ. Ямар ч амтгүй, давсгүй хоол идмээр байна гээд ээждээ хэлдэг. Тэгээд л ээж минь ямар ч амтгүй мах, гурил, ус өгнө. Үүнийгээ идвэл иднэ. Идэхгүй бол идэхгүй орхино. Химийн эмчилгээ дуусаад хордлого тайлагдаад л гайгүй болоод ирдэг юм. Тэгэхэд манай хүн бүр дуу шуу орчихсон явж байна. Би тэрнээс юу анзаарсан гэхээр, би ганцаараа өвддөггүй юм байна гэдгийг ойлгосон. Манай хүүхдийн багш над руу утасдаад, “танайд ямар нэг юм болсон юм уу?” гээд л ярьж байлаа. Том охин минь учиргүй гунигтай болчихсон гэсэн. Хүүхэд хүртэл хамт сэтгэлээр унадаг байх нь шүү дээ. Манай нөхөр хүртэл стресстдэг юм байна. Ээж дүү нар хүртэл зовдог юм байна гэж бодоод би өөрийгөө барихыг хичээдэг болсон. Чи хүчтэй байх юм бол гэрийнхэн чинь дагаад хүчтэй болох юм байна. Чи гуниглах юм бол бас л адилхан гуниглах юм байна гэж бодоод хоёр дахь эмчилгээнээсээ арай өөр болсон. “Чи дуугар, нүдээ нээ, гэрийнхийгээ хар” гээд л тэсэж байгаа юм.
-Үсэрхийлсэн хавдраа дарж, тэнхрэхийн тулд итгэл гэх зүйл чухал хөшүүрэг болох байх. Хэн танд итгэл, хүч өгч байв аа?
-Би яг эдгэрэх юм байна гэх бодлыг манай нөхөр надад төрүүлж өгсөн. 2015 онд өвдөөд л хавдар уушги руу үсэрхийлчихсэн байхад, “Миний хань уушгиа солиулах дээрээ тулах юм бол битгий санаа зов. Хоёулаа байраа заръя. Уушги солиход 100-200 сая болдог юм байна” гэсэн.
ЭДГЭРЭХ ИТГЭЛИЙГ НӨХӨР МИНЬ НАДАД ӨГЧ БАЙЛАА
-Арыг нь дааж байгаа мэдрэмж байх нь.
-Яг тийм. Тэр мэдрэмж намайг үнэхээр огшоосон. Бүр болохгүй дээрээ тулвал байраа зараад л явах юм байна шүү дээ. Би эрүүл болж ирээд, хөдөлмөрлөөд нөхөртэйгөө хамт хичээж байрны мөнгө олно шүү дээ гээд бодчихсон. Үнэхээр гайхалтай. Тэр үед би сайн хүнтэй суусан байна гэдгээ мэдсэн. Хүн дэргэдэхээ мэддэггүй шүү дээ.
Нөгөөтэйгүүр, манай нөхөр хэлсэн юм. “Урнаа ирээд явлаа” гээд. Гэхдээ чам руу орсонгүй” гээд л. Миний яг доод талын төрсөн дүү охин юм л даа. “Орж ирэхгүй яасан юм бол” гээд хэлсэн чинь, “Чамайг гаднаас чинь чагнаад яваад өглөө. Хэсэг уйлж байгаад явлаа хө” гэж… Эвий минь өмрөөд байсан нь тэр. Би “цаашаа бай. Дуугүй бай. Чимээгүй бай” л гэдэг болохоор. Харанхуй өрөөнд хэвтэж байгаа эгчийгээ дүү нь өрөвдөөд байгаа юм. Би ч ямар олиг байх вэ. Пэлцийтлээ хавдчихна. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нам зогсоод, гэдэс жирэмсэн эмэгтэй шиг л болчихно. Тэрэндээ түүртэж их стресстэнэ.
Дүү минь дараа нь, “би чамайг гаднаас чинь чагнаад явчихдаг байсан” гээд хэлсэн. Хүний төрсөн дүү байхгүй юу. Тийм учраас нэгнийхээ төлөө зовдог байх нь байна шүү дээ. Тэгээд л би үхэж болохгүй юм байна гэж бодсон. Хүүхдүүд, ах дүү нар, нөхрийнхөө төлөө үхэх ёсгүй. “Би чадна Энхчимэг ээ” гээд л, 14 химийн эмчилгээ хийлгэсэн.
ИД ШИД БИДНИЙ ДЭРГЭД, ЭНГИЙН ЗҮЙЛД АГУУЛАГДАЖ БАЙДАГ
-Эмч нар таныг гайхамшиг, ид шид гэж тодорхойлдог тухай та хэлсэн. Ид шид гэдэг нь таныг халамжилж байгаа хүмүүсийн хайр юм биш үү? Ид шид бидний дэргэд байгаа юм биш үү?
-Тийм шүү дээ. 14 химийн эмчилгээний дараа их гоё мэдээ сонссон. Эмч маань намайг дуудаад, “хавирган дээр чинь байсан дөрвөн хавдар байхгүй болжээ” гэсэн. Зовсоны эцэст жаргадаг гэдэг шиг. Үнэхээр гайхамшигтай. Ийм олон дахисан хавдрыг би гэр бүлийнхээ хүчинд, найз нөхдийнхөө хүчинд, зүгээр л “гараад хумсаа будуулчих” гээд хэлэх нөхрийнхөө үгийг сонсоход л баяр баясалтай болж байсан юм. Ид шид гэдэг энгийн зүйлээс үүсдэг. Бүх зүйл энгийн. Холоос хайх хэрэггүй юм билээ.
-Энгийн зүйлээс жаргалыг мэдэр гээд ярьж л байдаг. Надад нэг их буудаггүй юм л даа. Гэхдээ та гүн мэдэрчээ. Шатаар өгсөхдөө хүртэл магнайгаа хагартал баярлаж, гүн мэдэрсэн байна. Энгийн зүйлээс аз жаргал мэдэрнэ гэж юуг хэлдэг юм бэ?
-Ямар мэдрэмжтэй асуулт вэ. Баярлалаа. Тэгэхээр, миний ээж 2020 онд бурхан болсон юм аа. Би юу мэдэрсэн гэхээр, ээж минь надтай цай уугаад суух нь хүртэл аз жаргал байсан байна шүү дээ. Зүгээр л утсаар ярих нь аз жаргал байсан гэдгийг ойлгосон. “Ээж” гээд дуудлага орж ирэх нь л өөрөө аз жаргал байж. Манай ээж өөд болохоосоо хоёр жилийн өмнө, “эмээ нь чамдаа хайртай, ээж нь чамдаа хайртай” гээд их хэлдэг болчихсон. Утсаар ярихдаа “миний ах сайн байна уу? миний эгч сайн байна уу” гээд л. Би түүнийг нь ямар сонин нялуун юм гэж боддог байсан. “Юун аймар муухай дуугардаг юм бэ” гээд л. Гэтэл үгүй байж. Би үхлийн саварт ороод буцаад гарч ирсэн хүн. Энгийн үедээ ч хайртай шүү гэдэг үгийг их хэлдэг болсон. Миний ээж хүнийг хайралж сурсан юм билээ. Хүнийг хайрлах чинь ийм мэдрэмж байсан байна гэдгийг тэр үед л мэдэрсэн дээ.
-Сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
-Шинэ он баяр хөөр аз жаргалаар дүүрэн байгаасай. Та бүхэдээ аз жаргал эрүүл энх, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэж байна.
-Баярлалаа.