Бизнес өрөг нэвтрүүлэг ээлжит дугаараараа Жавзандамба хутагт төвийн багш, Гавж Д.Нямсамбуутай та бүхнийг уулзуулж байна.
2023 он шашны түүхэн үйл явдлаар өрнүүн баялаг болж өнгөрсөн. Өөрөөр хэлбэл аравдугаар Богд тодорч, МБШТ-ийн төвийн тэргүүн, Хамба номун хан солигдлоо. Бид дээрх үйл явдлуудтай холбогдуулан Гавж Д.Нямсамбуугийн байр суурь, үзэл бодлыг нь тодруулан ярилцсан юм.
Мөн нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлаас үүдэн уур бухимдалдаа хүлэгдээд буй олон нийт оюун бодлоо хэрхэн цэгцтэй байлгаж, амар амгаланг цогцлоох тухай тэр зөвлөлөө.
АРАВДУГААР БОГДЫН СЭНТИЙД ХҮН СУУСАН БАЙХЫГ ХАРАХ САЙХАН ЮМ БИЛЭЭ. ЭЗЭНТЭЙ БОЛСОН ЮМ ШИГ…
-Он солигдох мөчид бүхий л хүн өөрлүүгээ нэг өнгийж, шинэ зүйлийг эрмэлзэж, шинээр төлөвшихийг хичээдэг. Энэ мөчид тантай ярилцах гэж байгаадаа их баяртай байна.
-Баярлалаа. Шинэ онд нь сайн сайхныг хүсье.
-Энэ онд шашны онцлох томоохон хоёр үйл явдал боллоо. Монголоос аравдугаар Богд тодорсон түүхэн үйл явдлын ач холбогдол нь юу болох талаар тайлбарлаач?
-Би энэ үйл явдалд их баяртай байна аа. Богдыг эмээ өвөөгийнхөө үеэс шүтэж биширч явсан хүний хувьд бол энэ үйл явдал маш үнэ цэн бүхий чухал асуудал.
Шинийн наймны өглөө, Ганданд аравдугаар Богд маань морилсон. Тэр хүртэл яг үнэндээ төдийлөн сүсэглэхгүй л байсан. Яадаг бол доо гэсэн байдалтай. Өнөөдөр бидний тусгаар улс байгаа нь наймдугаар Богдтой салшгүй холбоотой. Шинийн найманд Богдыг залаад Батцагаан дуганы дээш явж байхад, гавж, лхаарамба, хутагт, хувилгаадууд бүгд толгойгоо мэхийлгэж байсан юм. Тэгээд л өндийгөөд харахад Богд маань морилж байсан. Сайхан үхрэн дээлтэй. Сонин болоод л явчихсан. Би хувь хүнийхээ мэдрэмжийг л ярьж байгааг ойлгоорой. Аравдугаар Богдын сэнтийд хүн суусан байхыг харах сайхан юм билээ. Эзэнтэй болсон юм шиг.
-Тэгэхээр таны хувьд Богд гэх нэрийг нь л хүндэтгэсэн гэсэн үг үү?
-Ганц нэр биш байх аа даа. Миний ижий аав, эмээ, өвөө шүтэж явсан тэр хүн бидэндээ номоо айлдахаар иржээ гэж итгээд байгаа юм болов уу даа.
ШАШИН ДОТРОО ЭМХ ЦЭГЦЭНД ОРОХЫН ТУЛД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХҮН ХЭРЭГТЭЙ
-Ач холбогдлын талаар ярьж өгөөч? Зарим нь Аравдугаар Богд монголоос тодорсноор, буддын шашны төв болох боломж бүрдэнэ гэх мэт олон зүйлийг хэлж байна.
-Би олон улс судлаач хүн биш болохоор мэдэхгүй юм. Монголчуудын зонхи олон шүтдэг бурхны шашин сүүлийн 20 жилийн турш эмх замбараатай байсан гэж хэлэх хүн цөөхөн байх аа. Би ирээдүйг хэлж мэдэхгүй ч шашин дотроо эмх цэгцэндээ орох болов уу гэж бодож байна. Эмх цэгцэндээ орохын тулд хүлээн зөвшөөрөгдсөн хүн хэрэгтэй шүү дээ.
Дэлхийн бурхны шашны хүрээнд энэ бол мөн л том үйл явдал. Богд маань балчир байгаа ч дэлхийн мэдээллийн сувгуудаар явж, анхаарал татаж байна. Гарцаагүй нэг зүйл хэлэхэд, аравдугаар Богд ном номлож, эрийн цээнд хүрэхэд, Өвөрмонголчуд, Буриадууд, Халимагууд ирнэ, мөргөнө. Богд гэхээр, “манай монгол Богд шүү дээ. Юу номлох бол, юу ярих бол” гээд чих тавина. Энэ их чухал биз.
ШАШНЫ БАЙГУУЛЛАГА САНХҮҮГЭЭ БОСГОХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХААР, ШҮҮМЖИЛДЭГ НЬ ӨРӨӨСГӨЛ
-Та шинэ хамбаасаа юу хүсэж хүлээж байгаа вэ?
Жавзандорж лхаарамба бол гарцаагүй хүлээн зөвшөөрөгдөж, цогц мэдлэгийг нөр хөдөлмөрөөрөө авч чадсан хүн. Эрч хүчтэй, залуу мэдлэгтэй лам нар гарч ирэх нь жам ёсны асуудал. Мэдээж хүлээлт бий. Олон жилийн туршид хийх ёстой байсан ажлууд нөхөгдөх шаардлагатай байх. Айлдсан үгнүүд нь ч тодорхой байсан шүү дээ. Монгол хэл дээр тодорхой зан үйлүүдийг шилжүүлэх тухай хэлсэн. Энэ бол өдийг хүртэл миний сонсоогүй л үг. Их хэрэгтэй. Гол нь нэгдмэл зохион байгуулалтад орох. Монголдоо төвлөрсөн шашны сургалтууд байгуулах ёстой. Шашны санхүүгийн асуудал ч бий. Үүнийг үнэхээр ярих ёстой. Ямар ч байгууллага оршин тогтнож байгаа бол санхүүгээ барих үйл ажиллагаа хэрэгтэй. Үүнийг олон хүн шүүмжлэх гээд байдаг. Бид 70 жилийн турш хамаг лам хуваргуудаа хядуулж, бүх барилгаа нураалгаж, санхүүгээ хураалгасан. Дээрэмдүүлсэн шүү дээ. Энэ мэт асуудлыг хэрхэн шийдэх бол гэх зэрэг олон сорилууд бий. Шийдэж чадах ч байх гэж бодож байна.
-Манай Гандан тэгчинлэн хийд Буддын шашны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ? Шашны хөгжлийг яаж тодорхойлдог вэ?
Хангалттай байна гэж чадахгүй. Үзэл санааг түгээхэд боловсон хүчин хэрэгтэй. боловсон хүчин бий болоход хугацаа хэрэгтэй. шинэ санаачилга хэрэгтэй. боловсол олгох сургууль хэрэгтэй. шашин дагахаасаа айдаг бүхэл бүтэн үе бий шүү дээ.
TЭНЭСЭН ОЮУН УХААНТАЙ ҮЕДЭЭ БИД ЖАРГАЛЫГ МЭДЭРДЭГГҮЙ
-2023 оноо улсынхаа хэмжээнд дүгнээд харах юм бол их бухимдалтай жил байв уу гэж харахаар байна. Гэвч бид стресстэй нийгэмд амьдарч байна гээд өөрсдийгөө зөвтгөх гээд байдаг. Оюун санаагаа яаж эрүүл байлгаж үлдэх вэ?
-Дэлхийн нийтэд энэ асуудал тулгамдаж байгаа. Хотжилттой холбоотой шүү дээ. Энэ бол тун амаргүй өвдөлт. Бүх юм байгаа атлаа нэг хором амьдарч чадахгүй байгаа хүн олон бий. Дэлхий даяараа энэ асуултыг бурхны шашнаас асуусан шүү. Ингээд нийтээрээ бясалгал хийж айдас түгүүр, стресс, гутралаасаа салах болсон нь нотлогдож байна. Яг л антибиотекийн эмчилгээ нотлогдсон шиг.
Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаа байдаг юм. Их өргөн судалгаа л даа. Тойм ярихад, маш олон хүнд судалгааны асуулт мессежээр очсон. Олон асуулт байсан. Энд хэрэгтэйг нь түүгээд хэлбэл,
- Нэгдүгээрт, Яг одоо та юу хийж байна вэ?
- Хоёрдугаарт, Яг одоо таны сэтгэл, бодол хаана байна вэ?
- Гуравдугаарт, Та одоо жаргалтай байна уу? жаргалгүй байна уу?
Энэ судалгааны үр дүнг эрдэмтэд баримтаар хэвлүүлчихсэн. Судалгаагаар бид ажлын байрандаа, ажлаа хийгээд сууж байхдаа хүртэл, бидний бодол тэнээд явчихсан байдаг. Тэн хагас нь шүү. Хоёрдугаарт бидний бодол тэнээд явчихсан үедээ бид жаргалгүй байдаг.
-Одоо цагтаа төвлөрч чадахгүй байна гэсэн үг. Бодол хаашаа явсан юм мэдэхгүй. Нэг мэдэхэд үд болчихсон, замаар явчихсан, гэртээ харьчихсан байдаг. Яагаад энэ хооронд бодол алга болчихсон юм мэдэхгүй. Тэнэсэн оюун ухаантай үедээ бид ихэвчлэн жаргалгүй байдаг юм байна. Энэ нэг л шалтгаан шүү. Тэгвэл буддын шашны санамсрын бясалгал хүний оюун бодлыг тэнүүлэхгүй, хүн өөрөө аргамжаатай, сэрүүн тунгалаг оюун ухаантай байхад л чиглэгддэг. Энэ утгаараа санамсрын бясалгал аз жаргалгүй байгаа байдлыг бууруулах нь ээ.
-Бид жилдээ нэг удаа гандан орж ном уншуулдаг. Хүнд үе тохиолдохоор л гандан ордог. Буддын шашинтай бол ямар үзэл баримтлал, номлолыг мэддэг байх ёстой вэ?
-Эхлээд юунд этгээд байгаагаа ойлгох ёстой. Үүнийгээ л мэдэж байвал бүх зүйл тодорхой болно. Нэг очдог тоогоо олшруулах хэрэгтэй юм. Одоо бараг гандан орж байгаа нэгнийгээ буруутгаж, уурлах гээд байна. Гол нь агуулгаа мэдэх чухал.