2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Баянзүрх дүүргийн Засаг дарга Нацагийн Баянмөнх нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хүрээнд хэрэгжих төсөлд гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн оролцлоо.
Энэхүү төслөөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэгийн байрыг бүрэн засварлана. Үүнд цэцэрлэгийн дээвэр, гадна фасад, гал тогооны өрөөний агааржуулалт, цонх, хаалга, шал, тааз, хана, цэвэр, бохир усны хоолой, халаалтын радиатор зэргийг засварлаж, эрүүл аюулгүй сургалтын орчныг бүрдүүлж, тус дүүргийн боловсролын чанарыг дээшлүүлнэ хэмээн найдаж байна.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол улсад хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 597 дахь, Баянзүрх дүүрэг хэрэгжих 23 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 282,426 ам.доллар юм.
“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.