Ирэх оны нэгдүгээр сарын 8-наас нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль мөрдөгдөж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 8-наас торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана.
Улаанбаатарын төв замын нэгдүгээр эгнээнд үнэ төлбөргүй зогсоолыг хуулийн хэрэгжилтийн хүрээнд хязгаарлана. Хязгаарлах захиргааны тодорхой аргууд хэрэглэж байж түгжрэлийн эсрэг бодитойгоор тэмцэнэ хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Тэрээр "Нийслэлийн удирдлагууд бүх зүйлийг хааж боох дуртайдаа биш дэлхийн бусад орнуудын авто замын түгжрэлтэй тэмцэж ирсэн бодлоготой адил арга хэрэгслүүдийг хэрэглэж байгаа юм. Журмууд ирэх оны нэгдүгээр сарын 15-нд НИТХ-ын хурлаар батлагдахаар олон нийтэд мэдээлнэ" гэв.
Түүнчлэн Улаанбаатар хотын зам дээр жилд дунджаар 20000 осол гардаг байна. Хоёр машин шүргэлцлээ гэхэд ослыг шийдэхэд ойролцоогоор 38 минутыг зарцуулж, тэр орчимд түгжрэл үүсгэдэг. Үүнийг хиймэл оюун ухаанаар шийдвэл 3.8 минутад зөрчлийг шийдэж, даатгалын байгууллагууд хохирлыг барагдуулдаг зохицуулалттай болохоор захиргааны хэм, хэмжээний акт боловсруулж байгаа аж.