Швед улс НАТО-д элсэх хүсэлтэй байгаа ч эвслийн гишүүн орнуудын нэг болох Турк улсаас эсэргүүцэлтэй тулгараад жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Тэгвэл өчигдөр Туркийн парламентын гадаад харилцааны хороо Шведийн НАТО-д элсэх саналыг зөвшөөрөгдлөө. Гэхдээ энэ нь эцсийн байдлаар Турк улс Шведийн элсэх саналыг дэмжлээ гэсэн үг биш юм.
Хороогоор зөвшөөрөгдсөн саналыг цааш парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ батлах ёстой. Мөн түүний дараагаар Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан гарын үсэг зурснаар эцсийн байдлаар батлагддаг. Санал батлагдаж чадах эсэх нь одоогоор тодорхой бус байгаа хэдий ч Туркын парламентын гадаад харилцааны хорооны өчигдрийн шийдвэрийн ачаар Швед улс НАТО-д элсэхэд “ойртлоо” гэж олон улсын шинжээч, ажиглагчид дүгнэж байна. Одоогийн байдлаар Туркийн парламентад Режеп Тайип Эрдоаны нам болох Шударга ёс, хөгжлийн нам олонхын суудлыг эзэлдэг.
Сүүлийн үед Режеп Тайип Эрдоан нь Турк, Шведийн харилцааг сэргээхэд нааштай хандаж эхлээд байгаа юм. Тиймээс парламентын хэлэлцүүлгүүдийг саад багатай давах магадлал өндөр. Гэсэн хэдий ч саналыг өргөн барьсан хорооны дарга Fuat Oktay “Парламентаар хэлэлцүүлэгдэж эхэллээ гээд тэр даруй батлагдана гэсэн үг биш” болохыг сануулж байсан юм. Шведийн талаас энэхүү үйл явдлыг талархан хүлээж авсан гэдгийг тус улсын гадаад хэргийн сайд мэдэгджээ.