“My Mister”, “Parasite” зэрэг дэлгэцийн олон бүтээлээрээ олон нийтэд танигдсан БНСУ-ын жүжигчин И Сун Кюн өчигдөр 48 насандаа таалал төгссөн. Түүнийг гэрээслэл бүхий тэмдэглэл гэртээ үлдээсэн гэдгийг цагдаа нар мэдээлсэн юм. Жүжигчин эр Сөүл хотын төвд, машин дотор угаартсан байдалтай олдсон билээ. Тэрбээр хар тамхи хэрэглэсэн хэрэгт нэр холбогдож, улмаар хоёр ч удаагийн шинжилгээ өгч сөрөг гарсан. Цагдаа нар түүний хэрэг шалгагдаж дуусаагүй байхад ийм явдал болсонд харамсалтай байна гэсэн юм. Гэвч түүний амьдралын сүүлийн саруудад карьер нь энэ хэргээс болж огцом унаж, И Сун Кюны талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн онцлох сэдэв болсон билээ. Ингээд жүжигчин эрийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе.
Жүжигчин И Сун Кюн нь 1975 онд Сөүл хотноо мэндэлжээ. Тэрбээр жүжигчний карьераа бүрэн хэмжээний кино болон телевизийн олон ангит киноноос эхлүүлж, 2010-аад оны үеэс олонд танигдаж эхэлсэн юм. Харин түүнийг дэлхийд таниулсан бүтээл бол 2019 оны “Шимэгч” кино. Тус бүтээл нь Оскарын шилдэг найруулагч, шилдэг эх зохиол, шилдэг бүтээл гэх шагналуудыг хүртэж, БНСУ-ын кино салбарт түүх бүтээсэн. Тэрбээр гэр бүлтэй, даруухан жүжигчний төрхөөрөө БНСУ-ын иргэдэд танигдсан байсан. Гэвч хар тамхины хэрэгт холбогдсоноор тоглож байсан цувралаасаа хасагдахад хүрч, олон газрууд түүнтэй хамтарч ажиллахаа зогсоосон байдаг. Олонд хайрлагдсан жүжигчин эр амьдралынхаа эцсийн мөчүүдэд хүнд цаг үе туулсныг шүтэн бишрэгчид нь харамсан ярьцгааж байна.