Охиноо хөтлөөд цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр өглөөний 07.15 цагт гэрээсээ гарсан эмэгтэй ердөө арван минутын дараа согтуу жолоочийн дугуйг халуун амиараа “нөхөж” орхижээ.
Ээжийнхээ гараас атгаж явсан бяцхан охин нэг л мэдэхэд гар алдуурч, танихгүй хүний хамт газар хэвтэж байв. Дөрөвхөн настай охин энэ ослоос болж эгэм, шанаа нь хугарч хүнд бэртэл авсан бөгөөд удаан хугацааны эмчилгээний туршид аав нь охиноо харж хандан ажлаасаа ч гарчээ. Ийнхүү согтуу жолоочийн балгаар аав нь гурван хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх хүндхэн үүргийг ганцаар үүрэх болсон юм. Тэрээр согтуу жолоочоос болж хань ижлээ алдсан тухайгаа ярихдаа одоо ч хоолой нь чичирдэг байна. Уг ослыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 настай оюутан үйлдсэн бөгөөд автобусны буудал дээр зогсож байсан гурван хүнийг дайрч, нэгийнх нь амийг бүрэлгэсэн юм. Хэргийг тодруулбал, осол гаргасан жолооч “Toyota Prius” маркийн автомашин унаж явсан бөгөөд осол гарахаас хэдхэн минутын өмнө “тасарчихсан” байжээ. Осол гарсны дараа гэнэт сөхөө авсан жолооч хэргийн газраас зугтсан байна. Харин ослын гэрч болсон хүмүүс микроавтобусаар согтуу жолоочийг хөөн, барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн байна. Үүнтэй адил согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрдэнэт хүний амь насыг бүрэлгэн өөрөө “дээл нөмөрч”, өрөөл бусдыг шороонд булуулж буй эмгэнэлт хэрэг нэмэгдсээр байна.
Тоо сөхвөл, согтуу жолоочийн балгаар сүүлийн зургаан жилийн хугацаанд 600 гаруй хүн зуурдаар амь насаа алдсан байна. Энэ бол 600 гаруй хүний ар гэр, хамаатан садан, найз нөхдөд үгээр хэлшгүй их гарц хохирол учруулж, хар бараан хоногуудыг дагуулсан гэсэн үг. Согтуу жолоочийн буруугаас болж хэдэн зуун хүүхэд аав, ээжээсээ өнчирч, хэдэн зуун эцэг, эх үрийнхээ зулайг үнэрлэж чадахгүй болсон бол гэж бодохоор харуусмаар.
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ДӨРВӨН САРД 16 МЯНГА ГАРУЙ ЖОЛООЧ СОГТУУГААР МАШИН БАРЬЖЭЭ
Шилтэй архийг хөнтөрч жолооны ард суусан хүн хутга барьсан алуурчнаас өөрцгүй гэх үг бий. Энэ үг үнэний ортой ажээ. Учир нь согтуу хүн эрүүл хүнтэй харьцуулахад орчин тойрны чиг баримжаагаа алдаж, үйл хөдлөлөө хянах чадвар буурдаг байна. Гэтэл Тээврийн цагдаагийн албанаас гаргаж буй сүүлийн үеийн тоон судалгаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгдэж байгаа нь сэтгэл сэртхийлгэм үзэгдэл юм. Тодруулбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 16588 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа саатуулагдсан бөгөөд энэ тоо нь өмнөх оны мөн үеэс 76.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ийнхүү согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж байгаа нь тэдэнд зориулсан хуулийн хариуцлага “зөөлдөж” байгаатай холбоотой. Мөн танил цагдаагаараа аргалуулчихна гэх хувь хүний үзэл бодлоос үүдэлтэйг хөндлөнгийн шинжээчид хэлж байгаа юм. Иймд энэхүү нийтлэлээр согтуугаар жолоо барьж буй хүнд ноогдуулах хариуцлага зөөлдөж байгаа эсэх, энэ талаар гадны улс орнууд ямар зохицуулалт хийдэг талаар өгүүлье.
ЯПОН, БНСУ-Д ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ХИЧЭЭЛИЙГ ДУНД АНГИАС ЗААДАГ
Япон, Өмнөд Солонгос улсад согтуугаар жолоо барьсан тохиолдолд ямар ял шийтгэл ногдуулдаг, согтууруулах ундаа уусан бол жолоо барихгүй байх сэдлийг нийгмийн сэтгэл зүйд хэрхэн суулгадаг талаар өгүүлье. Уг хоёр орны хувьд согтуугаар жолоо барих зөрчил дэлхийн улс орнуудтай харьцуулахад хамгийн цөөн гардаг байна. Үүний нэг шалтгаан нь дунд сургуулийн хөтөлбөртөө жолоочийн хариуцлагын талаар зааж, сургадагтай холбоотой юм.
Тодруулбал, Япон, Өмнөд Солонгост сурагчдадаа жолооч болоход амьдрал дээр ямар эрсдэл тохиолдож болохыг модуль сургалтаар үзүүлдэг ажээ. Түүнчлэн осолд орвол хэрхэн гэмтэх, дүрэм зөрчвөл хэдэн төгрөгийн торгууль төлөх, хүний амь нас хохироовол ямар шийтгэл хүлээхийг заадаг байна. Энэхүү сургалтад суусан сурагчид жолооч болон бэлтгэгдэхэд цаг ямагт эрсдэлийг тооцоолох сэтгэлзүйд суралцаж, замын хөдөлгөөнд оролцдог аж.
Өмнөд Солонгос улсад согтуугаар жолоо барьсан хүнд дараах хуулийн хариуцлагыг ногдуулдаг байна. Согтуурлын зэрэг 0.03-0.08 үзүүлэлттэй гарахад нэг жил хорьж, 5 сая воны торгууль ногдуулна. Эл үйлдлээ хоёр болон түүнээс дээш удаа зөрчвөл 2-5 жил хорих, 10-20 сая воны торгуулийн арга хэмжээ авдаг байна. Харин бусдад хүнд гэмтэл учруулах, амь насыг нь хохироовол хуулийн дээд хэмжээ буюу насан туршид нь хорих ялаар шийтгэдэг ажээ. Согтуурлын зэргийн 0.03 промиль гэдэг нь манайхны ярьдгаар халбага пивоны хэрэглээ юм.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Д.Энхболд "Гадны өндөр хөгжилтэй оронд зам тээврийн зөрчлөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдгийг анхан шатнаас нь сургадаг. Арван жилийн сургуулийн хөтөлбөрт тодорхой цагуудад хичээл орно. Манай улсад үүнийг хэрэгжүүлье гэхээр сургалтын хөтөлбөр нь арван жилээр батлагддаг гээд оруулж өгдөггүй. Уг нь ингээд багаас нь эхэлбэл зам тээврийн гэмт хэрэг, осол буурах үндэслэл нь юм. Одоо манайд 45 хоног бэлдэж, замын хөдөлгөөний дүрмээ судлаад төгсөж байна. Зөрчил осол гарвал хаашаа дуудлага өгөх, осол болсон байвал анхан шатны ямар тусламж үзүүлэх, зөрчил гаргавал ямар шийтгэл оногдох гээд юу ч мэдэхгүй жолооч болдог. Жолоо төгсөөд огт машин бариагүй охиндоо хөдөө явахдаа жолоо шилжүүлээд осолд орчихож байна. Манай аав, ээжүүд хүүхдээ дөнгөж 18 нас хүрэнгүүт жолоонд суулгаж, машин авч өгдөг. Гэтэл өнөөдөр замын хөдөлгөөний зөрчил, ослын дийлэнхийг шинэ жолооч охид, залуус гаргаж байна. Аав ээж нь ч, сургууль нь ч, жолооч бэлтгэх сургалт нь ч замын хөдөлгөөнд оролцоход тохиолдож болох эрсдэлийн талаар мэдлэг, мэдээлэл олгоогүй учраас тэр шүү дээ. Тэгэхээр манай улсад сургалтын орчин эрхзүй талаас анхаарах, модуль сургалт нэвтрүүлэх шаардлагатай" гэв.
Эндээс харахад, зөвхөн согтуу жолоочид хүлээлгэх хариуцлагыг чангатгахаас гадна жолооны курсуудыг чанаржуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хүүхэд ахуйгаас нь зааж сургах зайлшгүй шаардлага байна. Үгүй аваас замын хөдөлгөөнд оролцож байгаад цаг бусаар хорвоог орхигсдын тоо өдөр бүр нэмэгдэж, үүнд хүлээлгэх хариуцлага ч сулдаад байгааг олон жишээгээр мэдэх билээ. Товчхондоо согтуураар жолоо барих нь санаатайгаар гэмт хэрэг үйлдэхтэй адилхан юм.