"Эмээлтийн махны үйлдвэр" гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Чен Бин болон "Эм Ди Си Пи" ХХК-д холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүгдэгч Чен бинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож нийт 25.4 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Харин "Эм Ди Си Пи" ХХК-г 70 сая төгрөгөөр торгох ял дээр нэмж үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авсан байна.
Мөн "Эм Ди Си Пи" ХХК-ийн махны үйлдвэрийн таван хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, бор шаргал өнгийн шуудай бүхий цагаан өнгий нунтаг /хэмжээ нь тодорхойгүй/ зэргийг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.