Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяаху Газын зурваст очиж, дайны нөхцөл байдалтай танилцлаа. Тэрбээр байлдааны талбарт байлдаж буй Израилын армийн цэргүүдтэй биечлэн уулзаж, армийн удирдлагуудтай дайны цаашдын нөхцөл байдлын талаар хэлэлцсэн аж.
Түүнийг ирэхтэй зэрэгцэн Газын зурваст амь үрэгдсэн хүний тоо 20 мянгад хүрсэн талаар Газын зурвас дахь эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Газын зурваст очсон үедээ Израилын ерөнхий сайд мөргөлдөөн цааш сунжирна гэдгийг хэлсэн байна. Үүгээр зогсохгүй, цаашид Израилын арми Газын зурвасын хойд, урд, төв хэсэг рүү зэрэг дайрна гэжээ. Иймээс талуудын мөргөлдөөн ойрын хугацаанд зогсохгүй гэв.
Бэньямин Нетаньяаху Газын зурвасаас ирсэн даруйдаа Хамас бүлэглэлд зарласан дайныхаа үр дүнд гурван зорилгод хүрнэ гэсэн юм. Үүнд Хамас бүлэглэлийг ор мөргүй устгах, Газын зурвасыг зэвсэггүй бүс болгох, Палестинчууд дундах хэт даврагч үзэлтнүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох гэсэн байна.