Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Дугаарын хязгаарлалт бүх нийтийн амралтын өдөр үйлчлэхгүй байх зохицуулалттай ч замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 29-ны бүх нийтийн амралтаар тэгш, сондгойгоор хязгаарлан гэх мэдээлэл цацагджээ.
Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу тодруулга өгсөн байна. Тэрээр "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд нийслэлчүүд тэг зогсолтод орсон. Энэ өдөр иргэдийн зорчилт хөдөлгөөн, ачаалал их байдаг учраас 29-ны бүх нийтийн амралтын өдрийг дугаарын хязгаарлалтад оруулсан. Энэ өдөр зөвхөн тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно гэсэн үг. Харин арванхоёрдугаар сарын 30, 31, нэгдүгээр сарын 1-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй" гэв.