Сагсан бөмбөгийн баг тамирчид 2023 оноо 3х3, 5х5 төрөлдөө ч амжилт ихтэй үдэж байна. Яг одоо дотооддоо сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн талбайд эрэгтэй 13, эмэгтэй зургаан багийн тамирчид худ хүчээ сорин өрсөлдөж байгаа. Өнгөрсөн жил дээд лигийн аваргын төлөө "Бишрэлт Металл", "Эрдэнэт Майнерс" багтай өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байсан билээ. Тэгвэл тус багийнхан энэ жил лигийн хүчтэй өрсөлдөгч нарын нэгээр нэрлэгдэж байгаа юм. Ингээд багтайгаа нэгдэж том зорилготой лигт орж ирсэн сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн ахлагч, ОУХМ Д.Дэлгэрнямтай цөөн хором ярилцлаа.
Лигийн тэмцээн 11-р сарын 03-ны өдөр эхэлсэн. "Бишрэл Металл" багийн хувьд ямар үзүүлэлттэй явна. Мөн багийн бүрэлдэхүүнээ танилцуулбал?
Сагсан бөмбөгийн ОУХМ Д.Дэлгэрням
"Бишрэлт Металл" багийн хувьд лигт 10 хожиж, 4 хожигдолтой явж байна. Манай багийн бүрэлдэхүүний хувьд шинээр А.Энхбаясгалан нэгдсэн байгаа. Өнгөрсөн жил Гарьд багт тоглож байсан юм. Тэгээд Э.Тожилдорж, М.Идэрсайхан, Л.Цэдэвсүрэн гээд 4 шинэ тоглогч орж ирсэн байгаа. Түүнээс бусад тоглогч нар хуучин бүрэлдэхүүнээрээ байна.
"Бишрэл Металл" багийн тухайд жил бүр лигийн тэмцээнд амжилтаа улам бүр ахиулсаар байгаа. Мэдээж энэ жил том зорилго өвөртөлж орж ирсэн нь дамжиггүй?
Сагсан бөмбөгийн ОУХМ Д.Дэлгэрням
Мэдээж манай баг дээд лигт орсон эхний жилдээ шигшээ 8-д үлдсэн. Түүний дараагийн жилд дөрөвт үлдсэн. Өнгөрсөн жил бид нар финалд үлдэж чадсан. Жил бүр л бид нар амжилтаа ахиулахын төлөө зорьж өрсөлдөж байна. Манай багт ирсэн хоёр легионерын хувьд хоёулаа АНУ-аас ирсэн.
Танай багийг энэ жил Серб мэргэжилтэн дасгалжуулан ажиллаж байгаа. Гадны дасгалжуулагч, легионер тоглогчдоос суралцах зүйл ихтэй байх?
Энэ жил сагсан бөмбөгийн дээд лигт өрсөлдөж байгаа эрэгтэй 13 багийн найм нь гадаад дасгалжуулагчтай байгаа. Сербийн гурав, Солонгосын хоёр, Словени, Латви, Грекийн нэг мэргэжилтэн багуудыг дасгалжуулж буй нь Монголын лигт том хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Манай багийг Серб мэргэжилтэн Predrag Stojancev ажиллаж байгаа. Тэрээр мэргэжлийн сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар 20 жил ажилласан туршлагатай. Сүүлийн 7 жилийн турш Хятадын сагсан бөмбөгийн оюутны лиг болон дээд лигт ажилласан ийм эрхэм байгаа. Бид гадны дасгалжуулагч нараас сурах, суралцах зүйл ихтэй.
Мөн тамирчид дотооддоо чансаа өндөртэй тэмцээн уралдаанд олон оролцох тусмаа тэр хэрээр ур чадвар нь ахиж, туршлагажиж, их зүйл сурч байдаг.
Спортын эерэг тал ач тус их. Тэр дундаа нийгмийг стрессийг тайлагч ийм гоё гэгээлэг салбар гэх юмуу. Таны бодлоор спортоор хичээллэсэн давуу талыг хэрхэн тодорхойлох вэ?
Сагсан бөмбөгийн ОУХМ Д.Дэлгэрням
Би спорт дээр ингэж ярих дуртай л даа. Ер нь бол спорт гэдэг маань залуу хүний хувьд хувь хүний төлөвшил, аливаа нэгэн зүйлд шантралгүй тууштай тэмцэх чадвар, биеэ зөв авч явах чадвар, олны дунд бусадтай зөв зүйтэй харьцах гээд маш олон чадварыг хувь хүн талдаа олгодог. Тийм учраас "Спорт гэдэг маань хүнд маш их зүйлийг сургадаг" гэж би боддог.
Мөн үргэлж биднийг дэмжсээр өдий хүртэл ирсэн багийн эзэн Д.Буян-Өлзий ахдаа болон түүний гэр бүлд нь, хамтран ажиллаж ивээн тэтгэдэг спонсор байгууллагууд, тамирчид бидний гэр бүл гээд тусалж дэмждэг бүх л хүмүүст чин сэтгэлээсээ маш их баярлаж явдгаа илэрхийлмээр байна.
Ярилцсанд баярлалаа. Лигийн тэмцээнд нь амжилт хүсье.
"Тэнүүн-Өлзий Металл" баг энэ жил нэрээ өөрчлөн "Бишрэлт Металл" нэрээр лигийн тэмцээнд өрсөлдөж буй. Тус багийн эзэн Д.Буян-Өлзий, ерөнхий менежерээр П.Мөнхсайхан нар ажилладаг.