Чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэвэл цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг байна. НЭМҮТ-ийн халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлснээр сахарын өвчлөл манай улс оронд хэт залуужиж, тэр дундаа бага, өсвөр насны хүүхдүүд өвчлөх нь нэмэгджээ. Иймээс баярын өдрүүд ирж буйтай холбогдуулан аль болох чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн агуулсан бэлэг хүүхэд багачуудад бэлэглэхэс татгалзахыг уриалж байна.
-Хүнсний бүтээгдэхүүнд нэмэлтээр орсон чихрийн хэмжээ нь өдрийн нийт илчлэгийн 10 хувиас хэтрэх ёсгүй ба 5 хувиас ихгүй бол бүр сайн байдаг. Сахарыг хэтрүүлэн хэрэглэснээр хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, эрүүл саруул өсөж бойжих нөхцөлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
-Тухайлбал 100 грамм хүнсний бүтээгдэхүүнд 5 граммаас бага сахар агуулагдаж байвал эрүүл, 5-10 грамм байвал анхаарал татахуйц, 10 граммаас их байвал сахар ихтэй гэж үздэг.
Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед дархлаа дэмжих уламжлалт хоол унд, сүү, цагаан идээгээ тогтмол хэрэглэж эрүүл мэндээ хамгаалъя.