Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендерт таван оролцогч материал ирүүлснээс БНХАУ-ын Yutong Bus Co.,Ltd шалгарсан байна.
НЗДТГ болон Yutong Bus Co.,Ltd өнгөрсөн баасан гарагт гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байхаар тусгажээ.
Захиалсан автобусууд үйлдвэрээс гарч эхэлсэн бөгөөд эхний автобусууд үйлдвэрээсээ Эрээний чиглэлд урд шөнө хөдөлжээ. Нийслэлийн нийтийн тээвэрт явах шинэ автобусууд ойролцоогоор 1200 км зам туулан Улаанбаатарт ирэх юм байна.
Шинэ автобуснуудаа байрлуулах бааз, паркийн асуудлыг шийдэх шаардлагатай. Тиймээс Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр дэх Морингийн даваанд 110, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтад 55 автобусны багтаамжтай паркуудыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлжээ.
Youtung Bus компанийн автобусыг үйлдвэрээс гарсан 50 ширхэг тутамд нь үзлэг, хяналт хийн хүлээж авах бөгөөд баталгаат хугацаа 24 сар юм байна.