Энэ сарын 13-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нөөцийн дутагдлаас үүдэж тог хязгаарлах шаардлага тулгарсан талаар мэдэгдсэн. Энэ мэдэгдлээс хойш айл өрхүүдийн цахилгааныг хязгаарлаж байгаа. Ингэхдээ ямар нэгэн цагийн хуваарь гаргаагүй, мэдээлэл өгөөгүйгээс үүдэж, зарим байгууллагууд тоггүй шинэ жилээ тэмдэглэх, мөн гэртээ ганцаараа үлдсэн бага насны хүүхдүүд айж, балмагдах асуудал үүсэж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.
Бид эрчим хүчний асуудал цаашид хэрхэх, цахилгаан хязгаарлах цагийн хуваарийг яагаад гаргахгүй байгаа талаар тодруулахаар Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, УБЦТС ТӨХК-нийг зорьсон боловч аль нь ч тоймтой хариулт хэлээгүйгээс гадна, мэргэжилтнүүд хуралтай, завгүй байна гэх шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Энэ асуудалд иргэд ямар байр суурьтай байгаа талаар тодруулахад, цагийн хуваарь гаргахыг шаардаж, бүр гуйж байгаа юм. Мөн эрчим хүч, тог цахилгааны талаар мэдээлэл авдаг 70047004 дугаарын утас дуудлага авах авах боломжгүй байгаад олон нийт бухимдаж байна.
ИРГЭД:
- Орон сууцанд амьдардаг хүмүүс ч яах вэ, аргаллаа гэж бодоход гэр хороололд амьдардаг хүмүүс цахилгаан хязгаарлах хуваарь нь байж байж хувийн асуудлаа зохицуулах болов уу гэж бодож байна. Цагийн хуваариа ард түмэндээ нээлттэй мэдээлээд өгөөч гэж гуйя даа. Уурлаж, бухимдаад янз бүрээр л үзэж байна. Одоо больё. Гуйж байна аа л гэж хэлье даа.
- Мэдээлэл нь нээлттэй байгаад, өмнө нь мэдэгдэж байвал гадуур дотуур явах асуудлаа ч шийднэ шүү дээ.
- Өрхийн хэрэглээ бол шалихгүй. Ямар ч асуудал байсан урдчилж мэдэгдэх ёстой.
- Юм хийж байхад гэнэт л тог тасардаг. Жишээ нь хоол хийж байхад тасрахаар, хоол түүхийрэх, юм угааж байхад угаалгын машин гэнэт зогсох гээд хэцүү. Ядаж хуваариа гаргаад өгчихвөл тасрах цагийг нь мэдээд ажлаа зохицуулна даа.
- Бухимдалтай л байна. Гэр халаалтаар халдаг учраас тог тасрахаар хүйтэн оргиод явчихна. Нэлээн хүйтэн болно. Тэгээд л халах гэж удаж байгаа юм чинь.
- Манай тог өчигдөр хоёр цаг тасарсан. Дүү маань гурван сартай. Нялх хүүхэдтэй айлын тог гэнэт тасрахаар бөөн л юм болдог. Аргаа бараад 70047004 гээд утас руу нь залгаад ерөөсөө холбогдож чадаагүй. Ажиллахгүй байна билээ. Тэр нь жаахан хэцүү байсан.
Бид асуудалтай холбогдуулан Диспетчерийн үндэсний төвийн албаны дарга н.Ганбатаас дараах зүйлийг тодрууллаа. Тэрээр ярих чадвар тааруу тул уулзаж ярилцлага өгөхөөс татгалзаж байна гэсэн юм.
-Цахилгаан хязгаарлах асуудал цаашид хэрхэх вэ?
-Аль болох өрхийн хэрэглээний цахилгааныг хязгаарлахгүйг эрмэлзэж ажиллаж байгаа.
-Гол асуудал нь тог хязгаарлахдаа яагаад урдчилан мэдэгдэж, хуваарь гаргахгүй байгаа юм бэ гээд хүмүүс бухимдаж байна. Тайлбар хэлнэ үү?
-Манай компани бол эрчим хүчний системийн оператор компани буюу дамжуулах сүлжээ болон эх үүсвэрийг хариуцдаг юм.
-Эрчим хүчний зохицуулах хорооноос танайхыг мэдэж байгаа гээд манайхыг хөөх нь холгүй явуулсан юм.
-Сайн сайхан зүйл ярих мэдээлэл биш болохоор сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс зайлсхийгээд санаанд орсон байгууллагаа хэлсэн байх аа.
Хүйтний эрч чангарах тусам цахилгаан хэрэглээ нэмэгдэж, цахилгаан хязгаарлах асуудал үргэлжилж, давтамж ойртож болзошгүй талаар Диспетчерийн үндэсний төвийн албаны дарга н.Ганбат хэлж байна. Бид асуудалтай холбогдуулан яагаад цахилгаан хязгаарлах хуваарь гаргахгүй байгаа талаар УБЦТС ТӨХК-ниас тодруулахад, мөн л тайлбар өгөх мэргэжилтэн байхгүйг хэлж, албан бусаар цахилгаан хязгаарлах ямар ч боломжгүй гэсэн мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл бид салбарын мэргэжилтэн судлаачаас яагаад цахилгаан хязгаарлах цагийн хуваарийг урдчилсан байдлаар гаргаж болдоггүй талаар үзэгч та бүхэнд тодруулж хүргэе.
Энэ талаар Эрчим хүчний төлөө монголын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Пүрэвбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, “Улс төр л хийж байгаа юм. Техникийнхээ хувьд хуваарь гаргах боломжтой. Зүгээр л гэр хорооллын айл өрхийг тасаллаа гэх мэт хэл ам гаргуулахгүй гээд л тэр шүү дээ. Эрчим хүч чинь улс төртэй холбогдчихоод байгаа нь том асуудал. Захын хороололд цахилгаан хямд өгнө гээд л техникийн асуудлыг улс төр, нийгмийн халамжтай холиод байгааг бүгд мэднэ. Тэр өнцгөөс л болохгүй гэж тайлбарлаж байгаа юм. Техник ашиглалтын дүрэм, Аюулгүй ажиллагааны дүрэм гээд хоёр том дүрэм бий шүү дээ” гэсэн юм.
Ийнхүү нийслэлийн иргэд хэзээ тог нь тасарч, хэзээ тог нь ирэхээ мэдэхгүй нөхцөлд амьдарсаар байх болтой. Эрчим хүчний нөөцийн дутагдлыг ойлгож тогоо хязгаарлуулъя аа гээд хүлээн зөвшөөрсөн олон нийт шалдаа бууж, тог таслах цагийн хуваарь гаргаж өгөхийг л өрөвдөлтэйгөөр гуйж байна.