Монголчууд бөхийн спортод амжилт, ялалтаа хадгалсаар байна
Монголчууд бөхийн спортдоо ноёрхлоо хэзээд хадгалсаар, түүчээлсээр ирсэн гэж хэлж болно. Учир нь энэ онд жүдочид төдийгүй чөлөөт бөхийн спортын төрлийн тамирчид амжилт ялалтаа дуурсгасан жил болж өндөрлөж байна. Тэдний амжилтаас тодруулж дурдвал 2023 онд Катарт болсон жүдогийн ДАШТ-ээс Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртэж, амжилтаа үргэлжлүүлсэн юм. Харин Унгарт болсон мастерсаас Э.Ариунболд мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртсэн. Тэгвэл Азийн наадам, Их дуулга, Гран при тэмцээнүүд гээд жүдочид энэ онд 12 тэмцээнээс 44 медаль хүртэв. Олимпын оноо олгох чансаатай жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнийг ч тус холбоо Монгол улсдаа амжилттай зохион байгуулсан билээ.
Харин Сербид болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар мөнгөн медаль хүртэж, Парисыг зорих тийзээ өвөртөлсөн.
Сербэд сүүлийн жилүүдэд чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын шигшээ багийн тамирчид амжилт, ялалтаа үргэлжид буухиалсаар байгаа юм. Тэр дундаа ОУХМ Д.Отгонжаргалын амжилтыг онцолбол сүүлийн гурван ДАШТ-д финалдаж чадсан нь Монгол бөхийн орон гэдгийг илтгэнэ.
Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Лхагвагэрэл алтан медаль, Т.Тулга, Т.Түвшинтулга, О.Сүлдхүү, Б.Болортуяа, Ч.Отгонтуяа, П.Орхон Э.Даваанасан нар мөнгө, хүрэл медаль авсан юм.
Эдгээрээс онцолбол Азийн АШТ-ий хамгийн хүнд жин буюу эрэгтэйчүүдийн 125 кг-ийн жинд буюу хүнд жинд М.Лхагвагэрэл алтан медаль хүртсэн нь 22 жилийн дараах түүхэн амжилт болов.
Мөн "Ханжоу 2022" Азийн наадмын 65 кг-ийн жинд Т.Тулга аваргалсан. Түүх сөхвөл чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тэр дундаа хүнд жинд 2001 онд МУГТ Г.Өсөхбаяр алтан медаль хүртэж байв.
Хэзээд амжилтдаа эзэн нь байж чадсан сагсан бөмбөгчид
Монголын сагсан бөмбөг 2023 оныг амжилт дүүрэн үдэж байна. 2025 оны Азийн аваргад оролцох эрхийн төлөөх эхний ялалтаа авсан Монголын шигшээгийнхэн энэ онд хоёрдугаар шатны өрсөлдөөнөө мөн амжилттай давсан юм. Улаанбаатарт нийт гурван тоглолт хийхдээ Хонгконг, Сингапурын тамирчдыг хожиж, сүүлийн өдөр Гуамын тамирчдад ялагдал хүлээсэн юм. Хамгийн гол нь чухал зорилгодоо хүрч, дараагийн шатанд шалгарч чадсан нь амжилт байлаа. Ингэснээр Монголын шигшээ багийг ирэх онд Япон, Хятад, Гуамын багтай хийх тоглолтууд хүлээж байна. Эмэгтэй шигшээ багийн хувьд ч эргэн ирэлт хийж, Олон улсын тэмцээнд ч өрсөлдөөд авсан. Мөн дотоодын лигийн тэмцээн тогтмолжиж эхэлж буй нь тэднийг хилийн чанадад тэмцээнд өрсөлдөхөд сэргэлтийг авчирч, улам чадавхижуулж буй нь лавтай.
3х3 сагсан бөмбөгийн хувьд ялалт, амжилтандаа хэзээд эзэн нь байсаар ирсэн. 2023 оны эхэнд болсон Азийн аваргадаа түрүүлж, аваргын цомоо өргөв
"Бөртэ Чоно 2023" наадмын энэ оны шилдэг баг 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ эрэгтэй шигшээ Шанхайн мастерст "Улаанбаатар ММС Энержи" баг түрүүлж, түүхэн түрүүгээ хүртсэн гэдгийг энд онцлоё. Тэд энэ онд Азийн аварга шалгаруулахын тэмцээнээс алт, "Шанхайн Их дуулга" алт, “FIBA Ulaanbaatar Challenger” тэмцээний мөнгөн медаль, "FIBA Suntory Shanghai Challenger" тэмцээний мөнгөн медаль, "FIBA Wuxi Challenger" тэмцээний мөнгөн медаль, "FIBA Ulaanbaatar Super Quest" тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтуудыг үзүүлэв.
Мөн Ханжоугийн Азийн наадамд оролцсон залуучуудын эрэгтэй, эмэгтэй баг мөнгө, хүрэл медаль хүртсэн нь Азийн наадмын түүхэнд монголчууд сагсан бөмбөгийн төрлөөр медаль хүртсэн анхны тохиолдол болсон юм.
1500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нүсэр багаар Монголдоо түүх бүтээсэн
Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Монголын жюү жицүгийн холбоо Монгол улсад үндэс сууриа тавьсан цагаас хойш хурдацтай хөгжиж буй төрлүүдийн нэг юм. 2023 онд Жюү жицүгийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг эх орондоо эрхээ авч амжилттай зохион байгуулж чадсан нь 1500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүтэн баг том ажлын ард гарсаны илрэл. Аливаа тэмцээн уралдааны зохион байгуулалтыг дагаад эдийн засгийн хөрөнгө оруулалтууд яалт ч үгүй хийгдэж үүний зэрэгцээ эх орноо сурталчилж буй том арга хэмжээ болж өгдөг. 2019 онд Ази тивийн АШТ-ийг Монголдоо хүлээн авч байсан туршлагатай тус холбоо илүү өргөжин тэлж Дэлхийн хэмжээний том өрсөлдөөнийг олон талт хөтөлбөртэйгээр зохион байгуулсан нь Монголыг дэлхийд таниулсан нь спортын салбартаа түүх бүтээв.
Шар тивийн наадамд монголчууд 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцов
Спортын орон гэгддэг урд хөршид буюу БНХАУ-ын нийслэл Ханжод шар тивийн спортын шилдгүүд хуран чуулсан нь "Азийн XIX их наадам" Парисын олимпын өмнө болсноороо онцлог байв. Учир нь олимпын наадмын өмнө орон орны спортын шилдгүүд ямархан бэлтгэл сургуулилттай, чадал чансаагаараа аль хавьд яваа гэдгийг харуулав. Техник технологи, инновац, бүтээн байгуулалт, цахим эринийг маш өндөр түвшинд хөгжүүлж яваагаа Азийн наадмаар Хятадууд харуулаад авлаа.
Монголын тамирчид багийн дүнгээр гурван алт, таван мөнгө, 13 хүрэл,
нийт 21 медальтай 22 дугаар байрт бичигдэв
Монголын баг тамирчид Байт харваа, бокс, чөлөөт бөх зэрэг гурван спортоор алтан медаль хүртсэн бол жүдогоор хамгийн их буюу зургаан медаль, багийн спорт болох сагсан бөмбөг, "dota 2"-ийн төрөлд мөнгө, хүрэл медаль мөн кураш, жюү жицү, буудлага, дугуй зэрэг төрлүүдэд энгэрээ мялаасан. Энэ дундаас онцолбол байт харваа, дугуйн спортын төрлийн тамирчид түүхэндээ анхны амжилтаа үзүүлээд зогсохгүй, "Парис 2024" зуны олимпыг зорих тийзээ захиалж чадсан юм.
Үргэлжид зогсолтгүй хөдөлмөрлөж амжилт, ялалтаа ахиулж яваа Паралимпын тамирчдыг онцлоё
Залгуулаад "Ханжоу 2022" Азийн пара наадмаас Монголын паралимпын шигшээ багийн тамирчид хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл гээд нийт найман медаль хүртсэн амжилтыг гаргасан билээ. Тэд 2023 онд амжилт, ялалтаа ахиулж, өрсөлдсөн тэмцээн бүртээ ур чадвараа гайхалтайгаар харуулж чадсан дайчин, хөдөлмөрч баг билээ. Одоогийн байдлаар пара таеквондогийн хоёр тамирчны "Парис 2024" эрх албан ёсоор баталгаажаад байна.
Сүмогийн ертөнцөд Монголын хүчтэнүүд тэсрэлт хийсээр байна
Арлын орны үндэсний гол төрөлд нь Монголын хүчтэнүүд ноёрхсоор байна. Сүмогийн ертөнцөд Хакүхо зодог тайлж, Тэрүнофүжи бэртэлтэй байгаа ч Монголын дараагийн залгамж халаа болсон залуучууд цахиур хагалсаар.
Киришима Б.Лхагвасүрэн, Хошорюү С.Бямбасүрэн нар энэ онд дээд зиндааны анхны түрүүнүүдээ хүртэж, хоёулаа озэки цолтой болов. Өдгөө Киришима Б.Лхагвасүрэн дараагийн ёкозүнад хэдийнээ яригдаж эхэлсэн. Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд монголын сүмочид дээд зиндаанд нийт 100 түрүү хүртсэн байна.
Ширэн бээлийтнүүд амжилтын буухиагаа үргэлжлүүлэв
2023 онд Монголын ширэн бээлийтнүүд амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн жил байв. Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс МУГТ Б.Чинзориг мөнгө, Б.Мишээлт хүрэл медаль зүүсэн. Харин эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Л.Алтанцэцэг мөнгө, М.Энхжаргал хүрэл медаль хүртэв. "Ханжоу 2022" Азийн наадамд эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд хүрэл медаль зүүхийн зэрэгцээ "Парис 2024" олимпыг зорих эрхээ өвөртөлсөн.
Цахим төрлийг тоглоом бус Спорт болон хурдацтай хөгжиж буйг харуулж яваа
шинэ түүхэн амжилтын эзэд
Цахим төрлийг тоглоом бус спорт болж өргөжин тэлж хөгжиж яваа гэдгийг энэ төрлөөр амжилт үзүүлж яваа залуус бодитоор харуулж эхэллээ. "Ханжоу 2022" Азийн наадмаар Монголын "Dota 2"-ын баг эзэн орны буюу Хятадын хүчирхэг багийг буулган авч, алтан медалийн үзүүрээс атгаад алдсан. Гэсэн хэдий ч тэд маш том туршлага хуримтлуулж, финалд цаашлаад аваргын төлөө гарч ирсэн нь харин нутаг нэгтнүүддээ барьсан том бэлэг бөгөөд энэ төрлийн спортыг маш сайн эерэгээр таниулахад түлхэц болов.
Тэдний 2023 онд үзүүлсэн бусад багийн амжилтуудаас дурдвал "CS2”-ийн “The Mongolz” баг Азидаа түрүүлсэн юм.
Харин “PUBG Mobile”-ийн “IHC Esports” баг дэлхийн аварга болов
Мөн “PUBG Mobile”-ийн 2023 оны дэлхийн аваргад монголын багууд өндөр амжилтыг гаргасан. Куала Лампур, Истанбул хотуудад сар үргэлжилсэн уг тэмцээнд Монголоос дөрвөн баг оролцож, дэлхийн аваргын гранд финалд нийт гурван баг шалгарснаас Монголын “IHC Esports” 142 оноотой түрүүлсэн бол нутаг нэгт “Stalwart Esports” баг 138 оноотой дэд байр, мөн монголын “4Merical Vibes” баг 127 оноотой дөрөвдүгээр тус тус шалгарсан. Тодруулбал финалын шатанд дандаа монгол залуусын баг тунаж үлдэн хоорондоо өрсөлдсөн юм.