Өвлийн улиралд тэр дундаа жилийн 4 улиралтай манай улс оронд гүйлтийн цана, тэшүүр, снөүбордын спортоор хичээллэхэд маш тохиромжтой. Мөн эдгээр спортын төрлүүд байгальтайгаа илүү ойр байлгаж, цэвэр агаарт спортоор хичээллэснээр хүний зүрх судасны үйл ажиллагааг сайжруулахаас гадна эрүүл чийрэг, 4 мөчний үйл ажиллагаа сайтай болгодог. Өдрөөс өдөрт хотжиж буй нийслэлчүүд бидний хувьд болж өгвөл агаар салхинд гарах, гүйх, цанын спортоор хичээллэх нь нэн тэргүүний эрүүл мэнддээ хийж буй эрүүл бөгөөд өртөг багатай хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Ингээд бидний зүгээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа, Монгол улсыг төлөөлөн өвлийн олимпод хоёр ч удаа гүйлтийн цанын төрөлд өрсөлдсөн Олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн Мишээл экспо төвд "мини цанын бааз" ажиллуулж байгаатай холбогдуулан мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Өдрийн мэнд хүргэе. Энэ цанын спортын мини баазын талаар товч мэдээллээ хүргэнэ үү. Нийтийн биеийн тамир гэдэг бол маш чухал. Ялангуяа хотжиж буй нийслэлчүүдийн хувьд нэг байшингаас гараад машинд суулаа, автобусанд суулаа, нөгөө байшин руу яваад орчихдог. Хөдөлгөөний дутагдал, аливаа өвчлөлийн эрсдэлээс сэргийлэхэд нийтийн биеийн тамир маш чухал юм. Тэгэхээр нийтийн биеийн тамирыг хөгжүүлэн, дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмрээ өөрийн чадах чинээгээр оруулж буй танд болон танай хамт олонд иргэдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Энэ үйл ажиллагааны талаар иргэддээ мөн биеийн тамир, спорт сонирхогч иргэддээ сонирхуулна уу?
"МИШЭЭЛ ТАНИН МЭДЭХҮЙН ХҮРЭЭЛЭН" ДОТОР МИНИ ЦАНЫН БААЗ АЖИЛЛАЖ БАЙНА
Цанын спортын ОУХМ Э.Очирсүрэн
Нийслэлчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Жавартай, хүйтэн, цастай өдрүүд эхэлчихсэн өвлийн улирал ид дундаа үргэлжилж байна. Нийтийн биеийн тамир гэдэг маань өвлийн спортоор хичээллэх боломжийг бий болгох үүднээс "Мишээл экспо" буюу Мишээл танин мэдэхүйн хүрээлэнтэй хамтран энд гүйлтийн цанаар гулгах боломжийг бий болгож зөөврийн сууцанд цана прокат, цана сургалтыг явуулж байна. Энд бол олон хүүхдүүд, сургуулийн сурагчид ирж цасныхаа баярыг цанын спортоор хичээллэж тэмдэглэх боломжтой. Найз нөхдөөрөө ирж цэвэр агаарт гарах боломжтой. Улаанбаатар хот дотроо байгаа учраас ийшээ ирэхэд хол явах шаардлагагүй, нийтийн тээврээр зорчиж ирээд эндээ хувцсаа сольж цасны дулаан хувцсаа өмсөөд , цайгаа уучихаад гадаа гарч гулгаад, боловсон бие засах газар орж үйлчлүүлээд ингээд явах бүрэн боломжтой байгаа.
Цанын үнэ түрээсийн хувьд ямар үнэтэй байгаа вэ? Мөн дээр нь нэмээд гүйлтийн цанаар хичээллэхэд мэргэжлийн багш сургалт явуулдаг нь сонирхол татаж байна?
ТОМ ХҮН 15 МЯНГА, ХҮҮХЭД 10 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙГЭЭР ЦАНАА ТҮРЭЭСЛЭНЭ
Цанын спортын ОУХМ Э.Очирсүрэн
Цанын түрээс том хүнд 15 мянган төгрөг, хүүхэд 10 мянган төгрөгний үнэтэйгээр өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд энэ мини цанын баазаар үйлчлүүлэх боломжтой. Ингээд ирэхдээ ганцхан удаа гараад цанаар гулгах биш мэргэжлийн цанын багшаас зөв гулгах, зөв техникийн сургалтаа авчихаад өөрийн хэмжээнд гулгахад 15 мянган төгрөг төлнө. Зах зээлийн үнээс маш хямд, мэдээж хэрэг Хандгайт юмуу Скай резорт явахад заавал машин унаа хэрэг болно, нийтийн тээвэр тэр чиглэл рүү явдаггүй, дээр нь заавал 3 цаг гулгана, доод тал нь 30-40 мянган төгрөгний үнэ ханштай байдаг.
Цанын сургалтыг бид нар хүссэн хүнд нь өгнө, түүнээс чаддаг хүмүүс нь ирээд гулгаж болно, мөн аав нь хүүхэддээ зааж болно, ээж нь хүүхэддээ зааж болно, тэр бол чөлөөтэй.
Цанын спортоор хичээллэсний ач тус их. Ялангуяа цэвэр агаарт хичээллэх нь маш их үр өгөөжөө өгөх байх?
ЦАНЫН СПОРТ НЬ ХҮҮХДИЙГ ЭРҮҮЛ ЧИЙРЭГ, 4 МӨЧНИЙ АЖИЛЛАХ ЧАДВАР САЙТАЙ БОЛГОДОГ
Цанын спортын ОУХМ Э.Очирсүрэн
Иргэддээ хандаж хэлэхэд нэмэлтээр мэдээлэл өгөх буюу хүмүүс хэрхэн энэ гүйлтийн цанаар хичээллэснээр эрүүл мэндээ бэхжүүлэх, мөн цэвэр агаарт модон дотор цанын спортоор хичээллэх нь хүний зүрх судас болон амьсгалын замын архлааг нэмэгдүүлдэг. Мөн хүүхдийг эрүүл чийрэг, 4 мөчний ажиллах чадвар сайтай болгодог гээд давуу талууд маш олон байгаа.
Ярилцсанд баярлалаа. Шинэ оноо сайхан угтаарай.
Цана, снөүбордоор хичээллэхэд дараах ач тусаа өгдөг.
-КАЛОРИ ШАТААНА
Эдгээр спорт нь гэр бүлээрээ калорио эрчимтэй шатаахад туслах маш үр дүнтэй спортын төрөлд тооцогддог. Ямар хугацаанд хэдэн калори шатаах нь тухайн хүний биеийн жингээс хамаарах бөгөөд Харвардын их сургуулийн эрдэмтэд 84 кг биеийн жинтэй хүн 30 минут гулгахад 266 калори шатаах боломжтойг тогтоосон байдаг. Хүйтэн цаг агаар мөн калори шатаахад тусалдаг гэдэгт та итгэх үү?
Учир нь бие организм температурын тэнцвэрээ хадгалахын тулд илүү чармайлт гарган ажиллах шаардлага гардаг байна.
-БИЕИЙН ДООД ХЭСГИЙН БУЛЧИНГ ХӨГЖҮҮЛДЭГ
Цанаар гулгахын тулд скуатын байрлалд очдогийг санаарай. Тухайн байршилд биеийн тэнцвэрээ маш сайн барих хэрэгцээ гардаг тул хөл, өгдөг, бүр цаашлаад хэвлий хэсгийн булчингууд өндөр чармайлттай ажиллаж байдаг. Снөүбордын үед зааланд дасгал хийхэд төдийлөн ачаалал аваад байдаггүй шагай, тавхайны булчингууд хүртэл бүрэн ажиллаж өгдөг.
-УЯН ХАТАН ЧАНАРЫГ САЙЖРУУЛНА
Богино хугацаанд огцом шилжилтүүд хийж, тэнцвэрээ хадгалахын тулд булчингууд уялдаатай ажиллах нь биеийн уян хатан чанарыг сайжруулж, бусад үед гэмтэл бэртэл авах магадлалыг бууруулж байдаг.
-СЭТГЭЛ ӨӨДРӨГ БОЛГОНО
Хурд, эвсэл шаардсан энэ спортоор гадаа, байгалийн үзэсгэлэнд хичээллэх нь эндорфин ялгаруулж, сэтгэл санааг өөдрөг болгон баяр баяслыг мэдрүүлдэг. Мөн өвлийн богино өдрүүдэд нарнаас Витамин Д авах боломжийг нэмэгдүүлж өгдөг зэрэг олон талын ач холбогдолтой.