Хүйтний эрч БНСУ, БНАСАУ-д чангарч байна. Тодруулбал, БНСУ-ын нийслэл Сөүлд өглөөдөө 22 хэмийн хүйтэн байгаа нь онцгой үзэгдэл болж байгаа аж.
Түүнчлэн Чежү аралд цасан шуурга үзэгдэж, үүний улмаас хэд хэдэн нислэг цуцлагдахад хүрчээ. Тиймээс БНСУ-ын засгийн газар сонор сэрэмжтэй байхыг ард иргэддээ сануулж, хүйтэн цаг агаар үргэлжлэх төлөвтэй байгааг хэлжээ. Учир нь цас их хэмжээгээр орсны улмаас автозамууд халтиргаатай болж, хурдны зам дээр осол гарсан тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн байна.
Харин БНХАУ-ын Шанхай хотод сүүлийн 40 жилд үзэгдээгүй хүйтэн цаг агаар ажиглагдаж байна. Сибирийн хүйтэн салхи манай улсыг дамжин Хятадад хүрсэн нь энэ бөгөөд ийм хүйтэн цаг агаар нь хэвийн үзэгдэл биш гэдгийг орон нутгийн оршин суугчид нь хэлж байгаа аж.
Үүгээр зогсохгүй, өнгөрсөн долоо хоногт Хятадын хойд бүс нутгийн нэгэн тосгонд хүйтнээс болж цахилгаан тасалдсан тохиолдол хүртэл бүртгэгдсэн байна.